Ёс зүйгүй бичлэг нь ил болсон өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нартай холбоотой, шүүхийн шийдвэрт нөлөөлдөг байж болзошгүй баримт олджээ.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэргүүд төлөвлөсөн төлөвлөгөө түүний компьютероос нотлох баримт болж олдсон. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг удаашруулах схем олдсон. Өөр нэр бүхий прокурорууд бий ч, тэднийг цаг нь болохоор илчилнэ. Хэдэн жилийн өмнө бид “хонгил” нураах тухай тэмцлийг хийж байсан. Гэтэл өнөөдөр дахиад захиалгаар хэрэг ялладаг хэрэг гарч байна уу гэдэг асуудал гарлаа.
Энэ хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй. Тэр хүн цаашид энэ албан тушаалаа хаших ёс зүйтэй юу гэдгийг ҮАБЗ-ийн гишүүний хувьд хөндөнө. Цаашид УИХ-ын чуулган эхлэх үед энэ асуудлыг тавина.
Шүүхийн хараат бус байдал, шүүхийн процесст хөндлөнгөөс оролцсон нь тогтоогдвол маш том асуудал болно. Захиалгаар хэрэг яллаж байгаа эсэхийг нягтлах шаардлага тулгарч байна. Ардчилсан Монгол Улсад хүн хилсээр ял эдэлсэн бол энэ нь туйлын ноцтой асуудал юм.
Хэсэг хүмүүс орон байранд архидан согтуурсан асуудал гарсан. Энэ бол зүгээр нэг цугласан архидалт байгаагүй. Шүүгч нар Ариг банкнаас шан харамж, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Нөлөө бүхий албан тушаалтан оролцсон” гэх зэргээр байр сууриа илэрхийллээ.