Хотын дарга Синофарм вакцин хийлгэлээ

БНХАУ-ын Синофарм вакциныг Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Шадар сайд С.Амарсайханы хамт өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийлгэлээ. Өнөөдрөөс Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэлсэн. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж буй юм.

8434 ИРГЭН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААД БАЙНА

Өнөөдөр нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байгаа. Эдгээрт 14:00 цагийн байдлаар нийт 8434 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна. Тодруулбал, Багануур дүүрэгт 442, Баянгол дүүрэгт 1421, Баянзүрх дүүрэгт 2263, Налайхад 306, Сонгинохайрхан дүүрэгт 742, Сүхбаатар дүүрэгт  793, Хан-Уул дүүрэгт 1261, Чингэлтэй дүүрэгт 1206 иргэн вакцинд хамрагдлаа.

Дархлаажуулалт 20:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр 12-15 мянган иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС