Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дөнгөж сая Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалд авах арга хэмжээний талаар тодорхой шийдвэрүүд гаргана. Тухайлбал, Эрүүл мэндийн яам болон эрдэмтдийн зүгээс хатуу хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ. УОК-ын хуралдаанаар одоо эл асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Ерөнхий сайдын хувьд “Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 05-19 -ны өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байгаа гэсэн байр суурийг өнөө өглөө Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ тодотгосон.
Тиймээс УОК дээрх асуудлаар холбогдох албаныхны мэдээлэл сонсож шийдвэр гаргах юм. Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар Улаанбаатарт Covid-19 халдварын 210 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр Монгол Улсад халдварын 5186 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 3606 хүн эдгэрсэн. УОК-оос гарсан шийдвэрийг бид шууд дамжуулна.
Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хамтарсан хуралдаан өнөөдөр үдээс хойш болно. Хуралдаанаар Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно.
Ерөнхий сайд өнөө өглөө вакцинжуулалтын ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэлийг өгч, уг асуудлаар УОК, НОК-ыг хуралдаж нэгдсэн шийдвэрт хүрээд эргэж мэдээлэх чиглэлийг өгсөн.
Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар Улаанбаатарт халдварын 210 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Covid-19-ийн өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-гаас даваад эхэлбэл бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэсэн мэдээллийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Түүнчлэн эрдэмтдийн зүгээс ес хоногийн хатуу хөл хорио тогтоох зөвлөмжийг УОК-т хүргүүлсэн байна.
Харин ЭМЯ-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ. Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа учир хөл хорио тогтоох эсэхийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэсэн мэдээлэл байна.