Шадар сайд С.Амарсайхан гэргий Ч.Ичинхорлоогоо халдвартай бүс рүү нэвтэрч, ээж, аавыгаа эргэснийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байгаагаа өнөөдөр дахин мэдэгдэж, бурууг бусдад тохов.
Энэ тухай тэрбээр “Би цар тахалтай тэмцэж байгаа ч зарим нэг нь надтай тэмцээд байна. Би Монгол Улсын Шадар сайдын алба хашиж байгаа гээд өөртөө давуу эрх өгч, хууль журам зөрчөөгүй, гэр бүлийнхэн маань ч хууль дүрэм зөрчөөгүй. Хэн нь ч давуу эрх эдлээгүй. Харин иргэддээ дутуу эрх эдлүүлэхгүй байх тал дээр хатуу шаардлага тавьж ажиллаж байгаа. Шадар сайдын ажил бол зөвхөн Covid-19-тэй тэмцэх ажил биш, эрхлэх асуудлын хүрээнд олон салбар байдаг. Засгийн газар хоорондын комисс, гадаад дотооод харилцаа гээд өчнөөн олон ажил байдаг учраас хэрэг зарга хийсэн бүхний араас яваад байх боломжгүй, тайлбар өгөөд явах цаг зав алга.
Харин би хариуцлага тооцох тал дээр үзэл бодол, үнэт зүйлтэйгээ зууралдана. Улсыг төртэй нь улстөрчидтэй нь худалдаад авчихдаг банк санхүү бизнесийн бүлэглэл, цар тахлаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээдүүд, цар тахлын цаана тусгаарлах байраар бизнес хийдэг нөхдүүд гээд салбар, салбарт бугшсан нөхдүүд намайг зайлуулахын тулд зохион байгуулалттай ажиллаж байгаа. Бусад иргэдийн адил би албан тушаалтан мөн ч бай, биш ч байлаа манай гэр бүл адилхан эрхээ эдлээд л явж байгаа. Хууль зөрчөөгүй. Гэвч зохион байгуулалттай дүрэм журам зөрчсөн болгож байгаа. Сүүлдээ компьютерын хард диск хулгайлсан болгож байгаа, нэгдүгээр эмнэлэгт шинжилгээ өгөөгүй эхнэрийг маань өгсөн болгож зориуд систем дээр шивж оруулж байгаа гэх мэтийн нарийн зурсан.
Төрийг худалдаад авчихсан төрөөр бизнес хийдэг нөхдүүд эрчимтэй ажиллаж байгаа. Түүнээс би няцаж, ухрахгүй, хэлэх зүйлээ хэлнэ, тавьдаг шаардлагаа тавина, хийдэг ажлаа хийнэ. Өвчтэй, зовлонтой ахмадуудынхаа санааг зовоогоод яах вэ гээд чимээгүй, хүлээцтэй хандаад явахаар номхон морийг ноолоход амар гэдэг шиг зөөлчлөх гээд өөрсдийн хууль бус үйлдлийг дарж нуухын тулд Амарсайханыг харлуулж байна’ гэв.