Эрүүл мэндийн яам, УОК-ын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 105 тоот тогтоол гаргаж, 2021 оны дөрөвдүгээр 25-ны өдрөөр дуусах байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг үргэлжлүүлэн 2021 оны тавдугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл 12 хоногоор сунгахаар болсон.
Хөл хориог үргэлжлүүлэн 12 хоногоор сунгах болсон шалтгаан нь цар тахлын халдварын тархалт буурахгүй байгаа, иргэдийн дунд “Ковид-19” /коронавирус/-ын халдвараар өвчлөгчдийн нас баралт огцом нэмэгдсэн, вирусын мутацлагдсан хувилбар орж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн, ЭМЯ, эмнэлгийн байгууллага болон салбарын эрдэмтэн мэргэдийн хөл хорио сунгах саналд тулгуурлан шийдвэрлэсэн байна.
Энэ удаагийн 12 хоногийн хөл хориог үр дүнтэй болгох, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, халдвар тархах эрсдэлийг бууруулах, вакцинжуулалтын ажлыг халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахгүйгээр эрчимтэй зохион байгуулахын тулд өмнөх хөл хорионоос илүү хатуу чанд зохицуулалтыг хэрэгжүүлэхээр УОК-оос төлөвлөжээ.
Хөл хорионы өдрүүдэд зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтан албан хаагчид болон үйлчилгээ, хүнс тээврийн автомашиныг нийслэл хотод зорчих зөвшөөрлийг QR код хэлбэрээр олгох бөгөөд энэ зохицуулалтын ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлан хэрэгжүүлж байна.
QR кодыг хэрхэн олгох талаар өчигдөр орой 17:00 цагт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд хандан түр журмын төслийг танилцуулав. Журам хэрэгжиж эхэлснээр QR кодоор 41590 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор системд бүртгэгдсэн байна.
Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг 12 хоногийн турш 10 хувиас хэтрэхгүй байдлаар ажиллуулахаар төлөвлөсөн. Нэн шаардлагатай тохиолдолд тухайн салбарын сайдын болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн албан хүсэлтээр төрийн байгууллагуудад нэмж QR код олгохоор журамласан байна.
Хэрэв та үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилтан бол QR код авах хүсэлтээ qr@gov.mn цахим хаягаар илгээсэн бөгөөд үүндээ Хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг илгээж зөвшөөрөл авсан. Зөвшөөрлөө урд нь олгож байсан журмын дагуу www.smartcar.mn руу нэвтэрч хэвлэж авсан байх ёстой.
Засгийн газрын 105 тоот тогтоолын хавсралтаар 12 хоног үргэлжлэх хөл хорионы өдрүүдэд төрийн болон хувийн хэвшлийн зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнууд ажилдаа ирэх, буцах цагийг /Өглөө 07:00-09:00, Орой 17:00-20:00/ тогтоож өгсөн, өдрийн цагаар ажлын шаардлагаас бусад тохиолдолд зорчихыг хориглосон бол иргэдийн хувьд Эмнэлгийн зайлшгүй тусламж, үйлчилгээ авах, эмийн сан орох, үзлэгийн цаг авсан, жирэмсэн хүмүүс эмнэлгийн бичгээ үзүүлээд цаг харгалзахгүй зорчих боломжтой.
Түүнчлэн иргэд өмгөөлөл, нотариатаар үйлчлүүлэхдээ 10:00-16:00 цагт үйлчлүүлэх, Хүнс, ахуйн хэрэглээний бараа, түлш, зөөврийн ус авахдаа оршин суугаа хорооны болон хамгийн ойр хүнсний дэлгүүр, борлуулалтын цэг, худгаар үйлчлүүлэх, Оршуулгын ажилд оролцох бол нийт автомашин 5, 10 иргэнээс хэтрэхгүй байхаар журамлажээ.
Мөн хугацаанд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, өрөө тасалгаандаа тогтмол цагуудад агаар сэлгэж байх, айлд зочлохгүй, зочин урихгүй байх, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, гарсан тохиолдолд хүн хооронд 2 метрээс доошгүй зай барих, гэрийнхээ ойр орчмын 50 метрээс хол агаарлаж явахгүй байх, олон нийтийн газар очихгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг ягштал баримтлах, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 100, 119, өрхийн эмнэлэг рүү утасдан мэдэгдэж, эмнэлзүйн заавар утсаар зөвлөгөө авах зэрэг харилцааг түр журамд тусгасан байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар