Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцлээ. Тодруулбал, Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай’ 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч тус шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг гаргасан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Тэгвэл үүнийг С.Эрдэнэ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “шүүхийн хонгил хэрхэн ажиллаж байгаа талаар маргааш мэдээлэл хийнэ’ хэмээн зар түгээлээ.
Сануулахад: АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр УБЕГ-т Ц.Туваан миний тамгыг өгөхгүй байна, шинэ тамга гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу УБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр гарч, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж С.Эрдэнэд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон.
Үүнийг АН-ын нөгөө тал эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ тамгыг хүчингүй болгож хууль ёсоор ашиглах боломжгүй болгосон юм.