Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөнийг өнгөрсөн долоо хоногт Ус сувгийн удирдах газраас зохион байгуулсан. Харин өнөөдөр Улаанбаатар хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас хийлээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь 1700 орчим ажилтан, алба хаагчтай. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 1643 орон сууцны байрны 95 мянга орчим өрх, 29 мянга гаруй оршин суугч, 9000 дамжин хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн харьяа 144 ус, дулаан дамжуулах төв, халаалтын 271.5 км, хэрэглээний халуун усны 214.5 км, хүйтэн усны 150 км, ариутгах татуургын 190.2 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, үйлчилгээг хариуцдаг” гэдгийг онцолж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.