Сайд асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж өргөдлөө өгсөн. Харин тэрээр шинэ нам байгуулж буйгаа зарлаж, технологид суурилсан намын үйл ажиллагаа бүхий шинэ платформоо танилцууллаа.
Тэрээр “Залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө энэхүү шийдвэргийг гаргалаа. Ардчилсан намд байхдаа тэдний төлөө олон зүйл хийхийг хичээсэн ч чадсангүй.
Үлдсэн улс төрийнхөө замналаа залуустаа зориулмаар байна.
Бүтэн 10 жил алдаж онож хичээсээр байсан ч хүссэн манлайлал, реформыг үүсгэж чадсангүй. Улс төрд 30 жил болсныхоо дараа эргээд харахад улс төр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд монополь орчинг бий болгосон хэвээр байна. Чадварлаг залуусыг улс төрд оруулах хүсэл байдаг. АН-д байхдаа үүнийг хэрэгжүүлэх гээд чадсангүй. Үлдсэн улс төрийнхөө замналаа залуустаа зориулмаар байна. Өнгөрсөн хугацаанд өөрт нь зүтгэж байсан дарга нарын төлөө ажилламааргүй байна.
Залуусын мөрөөдлийг сонсож, АН-д яагаад элсэж чадахгүй байгаа талаар асууж ярилцтал итгэл үнэмшил минь өөрчлөгдсөн. Иймээс үлдсэн идэвхтэй насаа залуустаа зориулж шинэ платформд үүсгэх шаардлагатай болсон. Тиймээс би шинэ нам үүсгэж байна. Хоёр намд гишүүнчлэлтэй байх боломжгүй учир 29 жил харьяалагдаж байсан АН-аас гарах хүсэлтээ нулимстай нүдтэйгээр өглөө. Намайг дэмжиж байсан маш олон хүн байсан” хэмээн хоолой зангируулан ярилаа.
Өнгөрсөн 10 жилийн турш хийх гэж чадаагүй реформыг хийнэ.
Мөн тэрээр “Залуустаа би ямар шинэчлэлт хийхээ тайлбарлая. Гэхдээ би АН-аас өөр сонголт өгч чадахгүй. Ардчилалд хайртай байсаар ирсэн. АН шиг баруун төвийн үзэлтэй, хүмүүсийг бүх шатанд ялгахгүй жигд хамруулж чаддаг намыг байгуулахыг хүсэж байна. Тиймээс МАН, ХҮН, МАХН шиг зүүнийг баримтлахгүй. Намаа байгуулахаар олон нэр бодлоо. /ИОН/ Иргэний оролцооны нэгдэл намын нэрийг өнөөдөр баталгаажуулсан. Өнгөрсөн 10 жилийн турш хийх гэж чадаагүй реформыг хийнэ.
Иргэний оролцооны нэгдэл намын онцлог:
1. Улс төрд залуусын оролцоог нэмэх. Одоо ихэвчлэн танил талтай, мөнгөтэй байх шаардлагатай байдаг. Тиймээс ямар нэгэн дарга, боссгүйгээр ердөө апп-аар өөрийгөө танилцуулаад бүртгүүлж болох технологийг хөгжүүлж байна. Хэзээ ч, хаанаас ч, хэн ч намд элсэж болно гэсэн үг.
2. Эмэгтэйчүүдийн оролцоо буюу жендэрийн тэгш байдал. Эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд доод тал нь 30 хувийн квот бий болгоно.
3. Жирийн гишүүн жилийн татвар төлнө. Харин улс төрийн амбицаар явах хүсэлтэй нь хуримтлал үүсгэж нэг хувийн татварыг төлнө.
4. Ёс зүйн асуудал. Улс төрийн намын хуулиар нам, төрийн ажил салсан байх ёстой. Тиймээс төрд ажиллах ёс зүйн бэлтгэлийг нам дотроо маш сайн хийхээр төлөвлөж байна. Олон хүний ёс зүйг нэг дор зохицуулах боломжгүй учир үүнд яалт ч үгүй блокчэйн системд суурилсан, оноо өгөх арга барилаар шийдвэрлэх шаардлагатай юм.
5. Мэдээллийн ил тод байдал. Намын маш олон процесс хаалттай байдаг. Дотоод мэдээллийг олж авах гэж нэг ахдаа наалдаж, бүлэг үүсгэдэг байдал түгээмэл. Дунд шатны намд мэдээллийн хаалттай байдлаас үүдэн, мөнгө төлж мэдээлэл өгдөг брокеруудтай болсон байдаг. Тиймээс манай намд мэдээлэл жигд хүртээмжтэй байх болно. Гар утаснаасаа улс төрийн үйл ажиллагаанд орж болно гэсэн үг.
Цахим хурал, цахим санал асуулга хийх, цахим оролцооны бүх үйл ажиллагааг зохицуулсан. “Иргэний оролцоо’ аппликэйшнээ долдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулна.