Нийслэл Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас санаачлан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад албаны төлөөлөлтэй хамтран түүхий нүүрсний хэрэглээ нь хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буй талаар сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж байна.
Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хот руу орох товчоодод хяналт тавих явуулын пост ажиллуулах, төвийн зургаан дүүрэгт 4,604 ажилтныг хяналтын багаар ажиллуулахаар болсон талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга мэдээллээ.
Мөн гэр хорооллын айлуудын амьдрах орчны судалгааг хийж эхэлсэн байна. Энэ талаар тэрбээр “Өнөөдрийн байдлаар 25 мянган өрхийн судалгаа нэгтгэгдсэн ба судалгааны үр дүнд үндэслэн сайжруулсан түлш түгээх системийг ажиллуулах, айл өрхийг цахилгаан халаалт, дулаалгын материал, шүүгч, эко ариун цэврийн байгууламж худалдан авахад нь хөнгөлөлт олгох, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн” хэмээв.
“Дэлхийд гурван тэрбумаас илүү хүн нүүрс, керосин зэрэг цэвэр бус технологиос хамааран амьдарч байна”
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица агаарын бохирдол нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж буй танилцуулахдаа “Хүрээлэн буй гадаад орчин болон өрх айлын дотоод орчны агаарын бохирдлын хавсарсан нөлөөгөөр дэлхийд жил бүр долоон сая хүн цус харвалт, зүрх судасны өвчин, уушгины хавдар, амьсгалын замын халдварын улмаас эндэж байна.
Дэлхийн хэмжээнд хот суурин газарт амьдарч буй хүн амын 80-аас илүү хувь нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ2.5-ын жилийн дундаж хэмжээ нь ДЭМБ-ын удирдамж хэмжээнээс зохих түвшнөөс хэтэрсэн түвшинд амьдарч байна. Үүний дийлэнх олонх нь бага болон дунд орлоготой улсын иргэд” хэмээлээ.
Түүнчлэн тэрбээр “Дэлхий дээр гурван тэрбумаас илүү хүн орон байраа халаах, гэрэл гаргах, хоолоо хийхийн тулд нүүрс, керосин зэрэг дотоод болон гадаад орчин утаа гаргаж бохирдуулагчдыг ялгаруулдаг цэвэр бус технологиос хамааран амьдарч байна. Айл өрхийн түвшинд цэвэр түлш, технологийн хүртээмжийг нэмэгдүүлснээр агаарын бохирдлыг ихээхэн бууруулах боломжтой. Цэвэр агаартай байх нь хүн бүхэнд хамаатай зүйл. Тиймээс бидний амьсгалж буй агаар үхлийн харанга дэлддэг бус амьдралыг тэтгэдэг байлгахын төлөө хамтран ажиллаж, хичээж зүтгэе” гэв.
Сайжруулсан түлш нь стандартаас 1.6 дахин өндөр илчлэгтэй
Хүйтний улиралд нийслэлчүүдийн амьсгалж буй агаар нь хүүхдийн амьсгалын замын өвчлөл болон зүрх судасны өвчин, урагт сөргөөр нөлөөлөх, сэтгэн бодох чадвар буурах, цусны даралт өөрчлөгдөх зэргээр эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгаа юм. Эдгээр сөрөг нөлөөг үүсгэгч агаарын бохирдлын 80 хувийг түүхий нүүрсний хэрэглээ үүсгэж буй. Энэ учраас түүхий нүүрсийг өнөөдрөөс хориглож, оронд нь сайжруулсан шахмал түлшийг иргэдэд санал болгож байна.
Уг шахмал түлш нь стандарт хэмжээнээс 1.5 дахин бага үнслэг, 1.6 дахин их илчлэгтэй бөгөөд бат бэх нь 1.1 дахин байгаа лабораторийн шинжилгээгээр батлагдсан тухай НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.