Сүүлийн жилүүдэд Зоонозын өвчин судлалын халдварын ихэнх тохиолдлыг буюу 80 хувийг хачигт халдвар эзэлдэг байсан бол өнгөрсөн оноос ковидын халдвар эзэлж байна.
Монгол Улс 2005 оноос хойш хачигт халдварыг бүртгэж эхэлжээ. Өнгөрөгч 2005-2019 онд 5626 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүний 35 хувь нь эмнэл зүй, тархвар судлал, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байдаг аж. 2019 онд нийт 890 тохиолдол бүртгэгдсэн бол 2020 оны энэ үед гэхэд 40 гаруй тохиолдол бүртгэгдээд байжээ. 2005 оноос хойш хачигт халдвараар нас барсан 17 тохиолдлыг бүртгэсэн байна.
Тодруулбал, Архангай, Дундговь, Өмнөговь, Говь-Алтайгаас хачигт халдварын тохиолдол илэрлээ. Ер нь аймгуудыг авч үзвэл, Сэлэнгэ, Булган аймгаас ихэвчлэн бүртгэгддэг. Харин бэлчээрийн бор хачигт халдвар Говь-Алтай, Архангай аймгаас бүртгэгддэг байна.
МУ-д бүртгэгдсэн гурван хачигт халдварын талаар
Хачигт энцефалит өвчин нь ойн хачгаар дамжин халдварладаг. Вирусээр үүсгэгддэг, Төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг. Мөн Монгол орны найман аймаг 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн байна.
Хачигт боррелиоз өвчин нь нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Эмнэл зүйн хувьд толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, бие дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрдэг.
Хачигт риккетсиоз өвчин нь бэлчээрийн бор хачгаар дамжин халдварладаг. Риккетси буюу нянгаар үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин нь 12 аймаг, 53 сум, нийслэлийн таван дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн байна. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн байна.
Дээрх гурван төрлийн өвчнөөс хачигт энцефалит өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин.
ХАЧИГТ ХАЛДВАРААР ӨВЧЛӨХӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
- Халдварын голомттой газруудаар явахдаа хачиг харагдахуйц тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
- Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
- Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
- Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах
- Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах.
- Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,
- Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх