АН хоёр хуваагдаад багагүй хугацааг үдэж буй. Тодруулбал МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ болон Ц.Туваан гэж хуваагдсан. Тэд МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа энэ эгзэгтэй үед ч учраа олохгүй хоёр тийш харсан хэвээр байгаа. Үүнтэй холбоотой УИХ дахь АН-ын гишүүд ч хоёр хуваагдаад буй. Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон С.Одонтуяа болон Ховд аймгаас сонгогдсон Пүрэвдорж нар С.Эрдэний тал, харин үлдсэн 11 гишүүн нь Д.Тувааны талынхан.
Гэвч сүүлийн үед Д.Ганбат гишүүн С.Эрдэний талд урваж түүнийг МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үнэмлэх гардаж авахаар очиход нь баяр хүргэж дэмжихээ илэрхийлсэн билээ. Энэ нь түүнийг МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгатай муудалцсан учир С.Эрдэнийг дэмжихээр очсон гэх хардлагыг ч нийгэмд төрүүлсэн.
Тэгвэл сүүлийн өдрүүдэд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон дэд дарга С.Одонтуяа нарыг солих асуудал хөндөгдөж, орны хүмүүс ч тодорчээ. Тодруулбал УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг бүлгийн дарга, олноо “Ажнай” нэрээр алдаршсан Д.Бат-Эрдэнэ гишүүнийг УИХ-ын дэд даргаар томилохоор болжээ. УИХ дахь АН-ын гишүүд хоёр дараалж сонгуульд ялагдсан энэ намын бүлгийг хэн зангидаж, сөрөг хүчний үүргээ биелүүлж МАН-д ташуур өгч ажиллах вэ гэдэг дээр удтал зөвлөсний эцэст Н.Алтанхуягийг бүлгийн дарга болгоё гэх шийдвэрийг гаргасан байна. Учир нь Н.Алтанхуяг нь АН-ын даргаар ажиллах үедээ тус намыг УИХ, Нийслэл, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиудад дараалсан ялалт байгуулж байсан, Н.Алтанхуяг л хоорондоо таардаггүй олон фракцуудын учрыг олж чаддаг байсан хэмээн үзжээ.
Мөн АН-ынхан УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг солих ёстой гэсэн байр суурьтай байгаа ажээ. Учир нь тэрбээр Баянгол дүүргээр овоглодог, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшээд яваа С.Эрдэнийн талын хүн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй муудалцсан нь ажлаа алдахад бас нөлөөлж байгаа аж.
Товчхондоо, сонгуулийн ялагдлын дараа С.Эрдэнэ, Х.Баттулгатай тохирч, бүлгийн дарга, УИХ-ын дэд даргаа нэг нэгээр нь авсан гэдэг. Энэ тохироо эвдэрч шинэ АН, хүчтэй сөрөг хүчин бүрдэх процесс хэдийнээ эхэлжээ.
С.Одонтуяагийн оронд Д.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохоор болсон гэх мэдээлэл байна. Д.Бат-Эрдэнийн хувьд АН-даа нөлөөтэй, хөрөнгө мөнгө сайтай түүнчлэн эрх баригчидтай ч маш сайн харилцаатай гэдэг. Ялангуяа түүнийг У.Хүрэлсүхтэй багш шавийн барилдлагатай, маш ойрын харилцаатай гэсэн яриа саарал ордны “тамхины цэг’-ээс сонсдох болсон. Бүлгийн даргыг бүлэг дотроо шийддэг бол УИХ-ын дэд даргыг чуулганаар томилдог. Тийм учраас дараагийн УИХ-ын дэд дарга нь МАН-ын дэмжлэгийг ч авах шаардлагатай болж байгаа юм. Энэ шалгуурыг Д.Бат-Эрдэнэ хангаж байгаа ажээ.
Ийнхүү сонгуулийн дараа, намрын чуулган гэхэд УИХ-дахь АН-ын бүлэг шинэ удирдлагатай болж магадгүй байна. Харин АН-ын даргын асуудал цэгцрэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.