Н.Энхбаяр МАН-д нэгдэхдээ хийсэн албан тушаалуудаа авах шахаагаа эхлүүлсэн гэх мэдээлэл байна. Уг тохироогоор МАХН-ынхан МАН-ын ажилд 30 орчим хувийн оролцоотой байх квоттой. Намын Удирдах зөвлөлд 8, Бага хуралд 110 хүн очино. Мөн аймаг, дүүргийн намын тэргүүлэгчийн суудалд тус бүр квот хуваарилсан хэмээн Н.Энхбаяр ил цагаан зарласан.
Тэгвэл түүний хэлэхгүй үлдээсэн тохирооны нэг нь МАХН-аас авах сайдуудын суудал бололтой. Албан бус эх сурвалжийн мэдээллээр НХНЯ-ны сайд Б.Ариунзаяагийн суудал МАХН-аас МАН-д нэгдсэн залуусын нэгд очих бол Соёлын сайдын суудал ч бас шилжих мэдээлэл байна.
Бэлтэй айлын охин мөнгөөр сайд боллоо гэх шүүмжид өртсөн Ч.Номин сандарсан уу, биеэ барьсан уу тангараг өргөхөөсөө эхлээд бүтэлгүйтэж эхэлсэн. Сайдаар томилогдсоныхоо дараа ч хувцаслалт, яамныхаа засварын ажил гээд шүүмж хөвөрсөн. МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өгөхдөө бэлтэй айлын охин гэдгээ гайхуулж 1000 ам доллараас эхэлдэг chanel брэндийн бүсээр гангарлаа гэх мэдээлэл дуусаагүй байхад түүний сайдын суудал ганхаж эхэлсэн талаарх мэдээлэл хөвөрч эхлэх нь.
Түүний оронд өөр хүн томилох тухай яриа нам дотор нь хөвөрч эхэлсэн бололтой. Бүр тодруулбал МАН-ын удирдлагууд Н.Энхбаярын хүслийг гүйцэлдүүлэхээр үдэх хэдэн сайдын нэгээр тэр тодроод буй аж. Хэрэв түүний оронд өөр хүн томилох нь үнэн бол тэрээр зургаан сарын хугацаанд сайд хийсэн хүн болох нь ээ.