“Хүүхэд төрсний дараа хийдэг сүрьеэгийн вакцин найм орчим жилийн дархлаа тогтоодог. Давтан вакцин хийдэггүй”

Сүрьеэгээр өвдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Б.Нямдуламаас тодрууллаа.

-Хүүхэд төрснөөс хойш 24 цагийн дотор сүрьеэгийн вакцин хийдэг. Ингэснээр хэдэн жилийн дархлаа тогтдог вэ?

-Төрснөөс хойш 24 цагийн дотор сүрьеэгийн вакцин хийснэр сүрьеэгийн хүнд хэлбэр буюу дахимал хэлбэрийн сүрьеэ, сүрьеэгийн менингэтээр өвчлөхөөс сэргийлдэг. Дархлаа тогтох хугацаа найм жил орчим байна. Мөн давтан вакцин гэж хийдэггүй. Өмнө нь найм болон 15 настайд сэргээх тунг хийдэг байсан ч энэ нь үр дүн багатай байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

-Найман жил орчмын хугацаанд дархлаа тогтдог гэлээ. Тэгэхээр үүнээс хойш сайн дурын дархлаажуулалт хийлгэх боломжтой юу?

-Хийдэггүй. Учир нь үр дүн муутай.

-Тэгвэл халдвар авахаас, өвчлөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Урьдчилан сэргийлэхэд өвөрмөц болон өвөрмөц бус гэж бий. Өвөрмөц нь вакцинаар дархлаажуулж хамгаалах бол өвөрмөц бус арга нь халдвар авахаас урьдчилан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд сүрьеэгээр өвдөхөөс сэргийлэх юм.

Дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан байдаг тухай мэдээлэл бий. Түүнчлэн манай улсын хүн амын 35 орчим хувь нь сүрьеэгийн халдвар авсан байдаг. Дархлаа сайтай хүний биед тэрхүү нян унтаа байдалд ордог бол дархлаа муудах үед сүрьеэгээр өвчилдөг. Нийгэмд халдвар авсан л болд сүрьеэгээр өвдөнө гэсэн буруу ойлголт үүсээд байна. Үүнд хариулт өгөхөд халдвар авсан хүн гэдэг бол биед нян орсон болохоос биш эрүүл хүн гэсэн үг. Тодруулбал, сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь өвчилдөг.

Энэ нь хүний дархлаа ямар байхаас л хамаарна. Тиймээс халдвар авсан хүмүүс өвчлөхөөс сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих, ажил амралтын дэглэмээ зохицуулах шаардлагатай.

Мөн хүн ам олноор цуглардаг үзвэр үйлчилгээний газар, банк, сургууль, цэцэрлэгийн орчинд агаар сэлгэлтийг сайн хийж байх ёстой. Ингэснээр халдвар тарахаас сэргийлж болно.

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИЖ ТЭМДЭГ:
Сүрьеэгийн нян биеийн аль хэсэг, эрхтэнийг гэмтээснээс хамаарч шинж тэмдэг илэрдэг, тухайлбал уушгины сүрьеэгийн үед доорх шинж тэмдэг илэрнэ.

Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
Цээжээр өвдөх
Цэр, цустай цэртай ханиалгах
Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдэг:

Сульдаж ядрах
Биеийн жин буурах
Хоолны дуршил буурах
Жихүүдэс хүрэх
Халуурах
Шөнө хөлрөх
ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ:
Сүрьеэгийн арьсны сорил

Сүрьеэгийн нянгийн халдвар авсан эсэхийг мэдэхийн тулд сүрьеэгийн арьсны сорилыг хэрэглэдэг. Та өөрийн амьдардаг аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт хандаж, туберкулины арьсны сорилыг хийлгэж болно. Сүрьеэгийн арьсны сорилыг эмчийн шийдвэрээр тусгай бэлтгэгдсэн сувилагч хийнэ. Сорилын хариуг 72 цагийн дараа хэмжилт хийж “Эерэг” эсвэл “Сөрөг” гэсэн хариуг гаргана.

“Эерэг” хариу урвал гэдэг нь сүрьеэ өвчтэй хэн нэгэн хүнээс та халдвар авсан гэсэн үг юм. Хэрэв та сүрьеэгийн халдварыг саяхан шинээр авсан үед сүрьеэгийн арьсны сорилын урвал эерэг гарахгүй байх боломжтой. Иймд та хамгийн сүүлд сүрьеэ өвчтэй хүнтэй хавьтал болсоноос хойш 8-10 долоо хоногийн дараа хоёр дахь арьсны сорил хийлгэх шаардлагатай. Хэрэв хоёр дахь арьсны сорилын хариу урвал “сөрөг” гарвал танд сүрьеэгийн халдвар байхгүй байна гэсэн үг.

СҮРЬЕЭГИЙН ДАЛД ХАЛДВАРТАЙ БОЛОН СҮРЬЕЭГЭЭР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ ЯЛГАА
Сүрьеэгийн далд халдвартай хүн

Ямар нэг зовиур, шаналгаа байхгүй
Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй
Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй
Ихэвчлэн туберкулины арьсны эерэг байдаг
Цээжний рентген шинжилгээ хэвийн, цэрний түрхэц болон молекулбиологийн шинжилгээ сөрөг
Сүрьеэ өвчнөөс сэргийлж, сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай
Сүрьеэ өвчтэй хүн

Ихэвчлэн зовиур, шаналгаа илэрнэ
Дараах шинж тэмдэг ихэвчлэн илэрнэ -Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах, Цээжээр өвдөх, Цэр, цустай цэртэй ханиалгах, Сульдаж ядрах, Биеийн жин буурах, Хоолны дуршил буурах, Жихүүдэс хүрэх, Халуурах, Шөнө хөлрөх, Сүрьеэгийн нянг бусад хүмүүст тараах боломжтой
Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг
Цээжний рентген шинжилгээ өөрчлөлттэй, цэрний түрхэц, молекулбиологи, өсгөвөрлөх шинжилгээ эерэг
Сүрьеэ өвчний шууд хяналттай өвөрмөц эмчилгээ хийлгэх шаардлагатай