Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төсөл өргөн барив

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.23) өргөн барилаа.

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, АНУ-ын зөвшөөрлийг үндэслэн тус улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. 

    АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, одоогийн байдлаар 30.000 орчим монгол иргэн тус улсад оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь суралцаж байна. Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон хот орчим (6000), төвийн бүсийн Чикаго хот орчим (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиэтл (1500) хотод тус тус  олноор төвлөрөн суурьшдаг. Баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчим оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлага үүссэн гэж Засгийн газар үзсэн байна. 


    АНУ дахь монгол иргэд Чикаго хотноо төвлөрөн суурьших болсон шалтгаан нь ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд байдгийн зэрэгцээ Иллинойс мужийн нийгмийн халамжийн ээлтэй бодлого (шинээр төрсөн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт)-той холбоотой аж. Мөн сүүлийн жилүүдэд монгол иргэд ачаа тээвэр, гоо сайхан, барилгын чиглэлээр 50 орчим компани эрхэлж, монгол гурван сургууль, Чикаго хот дахь Монгол иргэдийн холбоо, Монгол төв зэрэг иргэдийн үүсгэл, санаачилгын 20 гаруй байгууллага үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа аж. 

    ЭСЯ-наас Чикаго хотод консулын үйлчилгээ үзүүлэх үед Индиана, Висконсин, Мичиган, Миссури, Миннесота ээрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэд олноор үйлчлүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

    АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг цаг алдалгүй хамгаалах чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ. Шинэ Консулын газар нээснээр санхүү, төсвийн ямар нэг нэмэлт зардал үүсэхгүй бөгөөд Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын орон тооноос шилжүүлэн ажиллуулах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.