Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хурлаар бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарсныг танилцууллаа.
Энэ үеэр Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээл авсан иргэд ирэх сараас эхлэн сар бүрийн зээлийн эргэн төлөлтөө графикийн дагуу хийнэ гэв. Ипотекийн зээл авсан иргэдийн сар бүрийн төлөлтийг өнгөрсөн оны зургадугаар сараас хойш царцаагаад байсан юм.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний таван сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 327 тэрбум төгрөгийн зээлийг 4,426 өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн юм.
Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32 тэрбум төгрөгийн зээлийг олгодог байсан бол 2021 онд сард дунджаар 75 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь 2.3 дахин өндөр үзүүлэлт байлаа. Түүнчлэн энэ сард Монголбанкнаас 75 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 50 тэрбум төгрөг нэмж, нийт 125 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна.
Цаашид Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг харгалзан хөтөлбөрийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоо бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байна. Хөтөлбөрийн санхүүжилт 2024 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 5 их наяд төгрөгт хүрсэн гэж Төв банкнаас мэдээлэв.