Нийслэлийн 15 дугаар сургууль дээр үүсээд байгаа сүрьеэгийн халдвартай холбоотой асуудал болон сүрьеэгийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Сүрьeэгийн албаны их эмч Д.Наранзул мэдээлэл өглөө.
2017 оноос хойш тус сургууль дээр сүрьеэгийн өвчлөл бүртгэгдэж байсан
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр болж байгаа явдал бол богино хугацаанд болж буй зүйл биш. 2017 оноос хойш тус сургууль дээр сүрьеэгийн өвчлөл бүртгэгдэж, мэргэжлийн болон орон нутгийн байгууллагууд хамтарч нэлээн олон ажил хийсэн.
Сүүлийн 2-3 хоногт ямар асуудал гарч ирээд байна гэхээр, сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулахаар эцэг эх, асран хамгаалагч нартай нь эмч нар уулзаж зөвлөгөө өгөхтэй холбоотойгоор зарим асуудал гарсан.
Яг одоогоор ХӨСҮТ, НЭМГ болон дүүргийн эрүүл мэндийн төв болон тус сургуулийн удирдлагууд хамтран эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж асуудлыг шийдэх, харилцан ойлголцох ажил хийгдэж байна.
Монгол Улсын хүн амын бараг 35 хувь нь сүрьеэгийн халдвартай
Юуны өмнө сүрьеэгийн халдвар авсан, сүрьегээр өвчилсөн гэдэг хоёр зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн хувьд энэ 500 гаруй хүүхэд сүрьегээр өвчилсөн хүүхдүүд биш. Сүрьеэгийн халдвар авсан эрүүл хүүхдүүд. Хэн нэгэнд халдвараа тараахгүй. Гарын бугалганы арьсанд сорил тавьдаг. Тэр сорилын урвал өндөр гарна гэдэг нь сүрьеэгийн халдвар авсан байна гэдгийг л илтгэж байгаа юм. Түүнээс биш өвчилсөн байна гэсэн үг биш.
Ер нь дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан байдаг. Монгол Улсын хүн амын бараг 35 хувь нь сүрьеэгийн халдвартай. Тэр 35 хувийн 10 хувь нь сүрьеэгээр өвчилдөг бол 90 хувь нь огт өвчилдөггүй.
Бид яагаад хүүхдүүдийн тухайд онцгойлж хандаад байна гэхээр бага насны, дархлааны систем нь гүйцэт хөгжөөгүй хүүхдүүд сүрьеэгийн халдвар авахаар өвчлөх эрсдэлтэй. Тиймээс хүүхдүүдийг өвчлөхөөс нь урьдчилан сэргийлж эмчилгээ хийхийг манай мэргэжлийн байгууллага зөвлөсний дагуу энэ ажлыг хийж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд сүрьегээр өвчилсөн багш, хүүхдүүдийг эмчилж, зарим нь эдгэсэн, заримынх нь эмчилгээ үргэлжилж байгаа. Сүрьеэгийн далд халдварын изоницид эмийг 1952 онд дэлхий дахинд хэрэглэж эхэлсэн. Монгол Улсад 1959 оноос энэ эмийг хэрэглэж байгаа. Энэ эмийг зургаан сарын турш өдөр болгон нэг ширхэгийг уудаг. Үүнтэй хамт витамин Д6-г уулгадаг.
Тэгэхээр тэдгээр хүүхдүүдийг өвчлөхөөс сэргийлж энэ энийг уулгаж байгааг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй.
Агааржуулалт муу анги танхимд дархлаа султай хүүхдүүд олноороо бөөгнөрч байсан нь сүрьеэгийн халдвар тархах, өвчлөх нөхцлийг бүрэлдүүлсэн
Ер нь халдварт өвчин голомтолж, үргэлжлэн тархахад нөлөөлдөг нийгмийн хэд хэдэн хүчин зүйл бий. Энэ нь тус сургууль дээр тод харагдаж байгаа. 2013 онд тус сургуульд мөн дүүргийн 32 дугаар сургуулийг нэгтгэсэн. Ингээд нэгтгэхээр багш, сурагчдын тоо нэмэгдсэн.
Нэг ангид байх хүүхдийн тоо нэмэгдсэн. Агааржуулалт муу анги танхимд дархлаа султай хүүхдүүд олноороо бөөгнөрч байсан нь сүрьеэгийн халдвар тархах, өвчлөх нөхцлийг бүрэлдүүлсэн.
Эцэг эхчүүдэд анхааруулахад
Эцэг эхчүүд эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд итгэлтэй, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Хүүхдээ урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах үүрэгтэй. Сургуулийн зүгээс ч гэсэн багш, ажилчдад сүрьеэгийн шинж тэмдэг илэрбэл шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
Зарим эцэг эхчүүд тус сургуулийг хаах, хөл хорио тогтоох хэрэгтэй гэж байна л даа. Гэвч сүрьеэ бол хөл хорио тогтоох өвчин биш. Сүүлийн үед тохиолдлын тоо нэмэгдээд байгаа юм шиг харагдаж байгаа нь урьдчилан сэргийлэх үзлэгийг 2017 оноос хойш идэвхтэй илрүүлэлт хийж байгаатай холбоотой.