МУ-ын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ирэх сард ирнэ гэх бор шувуу нисч эхэллээ. Түүнийг 2015 оны тавдугаар сарын 18-нд “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас шалгагдан, цагдан хоригдсон.
Тухайн үед түүнийг цагдан хорьж шалгаж байсан боловч тэрээр батлан даалтад гарах хүсэлт гаргаж шүүхээс түүнд хилийн хориг тавин суллаж байв. Гэвч тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай хэмээн хүсэлт гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн шүүх түүнд тавьсан хилийн хоригийг цуцалсанаар МУ-аас гарсан байдаг.
Түүнийг эмчилгээ хийлгэхгүйгээр БНСУ-аар дамжин өнгөрч, өөр улсад очсон нь тодорхой болсон тул оргон зайлсан гэж үзэн, интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, улмаар байршлыг тогтоосон билээ.
Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл эх орондоо ирэхгүй байсаар байсан юм. Түүний байгуулсан Дубайн гэрээ одоо болтол маргаан эцэслэгдээгүй байгаа билээ.
Хэрэв тэр ирвэл түүний гэм буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага шийдвэрлэх биз ээ.