Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох “Майдар” “Шинэ Зуунмод” зэрэг дагуул хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2019 онд Засгийн газраар батлагдсан. Нийт 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох бөгөөд 2000 орчим тээвэр ложистикийн төв байгуулан оло улсын зэрэглэлд нийцсэн, эдийн засгийн тусгай бүс болох зорилготой.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн /2021.08.11/ хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтуудыг хариуцаж ажиллах Ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Монгол Улсад хамгийн сүүлд буюу 1980 онд Багануур хотыг барих шийдвэр гаргаж байсан. Харин 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Төв аймгийн Сэргэлэн, Зуунмод зэрэг улсын зэрэглэлтэй сумд байрлах Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод, Майдар хотыг барих шийдвэр гаргасан. Тус хөндийд цогц бүтээн байгуулах ажил төлөвлөж байгаа бөгөөд усны нөөцийн судалгаагаар урьдчилсан байдлаар 150 мянган хүн амьдрах боломжтой гэж үзсэн. Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсон учраас удахгүй барих Богдхан төмөр замыг дагасан тээвэр, ложистикийн бизнес хөгжихийн зэрэгцээ соёл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн ажлын байр бий болно.
Тус хөндийд шаардлагатай хоногт 20 мянган метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, авто замын сүлжээ, цахилгаан, дулааны станц, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүний дараа нэгдсэн төлөвлөлтийн дагуу орон сууц, үйлчилгээ, аж үйлдвэр зэрэг олон бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх юм байна. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Засгийн газраас Богдхан төмөр зам барих ажлыг эхлүүлээд байна” гэлээ.