Намрын чуулган халуухан эхлэх бололтой. Учир нь Л.Оюун-Эрдэний засгийн газрыг унагах хөдөлгөөн улс төр дотор аль хэдийн эхэлсэн гэх бор шувуунууд нисээд эхэлсэн. АН-аас энэ удаагийн ЗГ-ыг унагахаар зэхэж байна гэдэг нь МАН-ын ЗГ-ыг унагах сонирхолтой зарим нэг гишүүдийн төөрөгдүүлэх арга хэрэгсэл бололтой.
Учир нь өчигдөрхөн АН-ын гишүүн С.Ганбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан ЗГ-ыг унагахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлчихлээ. Тэрээр Оюутолгойн ашиггүй гэрээг ашигтай болгохоор ажиллаж буй Л.Оюун-Эрдэний ЗГ-ыг унагах УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын эсрэг ажиллаж энэ засгийг хамгаалах болно хэмээн бичсэн.
Сү.Батболдын гадаад дахь хөрөнгөтэй холбоотой мэдээлэл гадаад болон дотоодын хэвлэлээр цацагдсаар буй. Түүний хөрөнгийн эх үүсвэрийг оюутолгойн гэрээ хийх үеэр авсан мөнгө гэх мэдээлэл ч гарсаар байгаа юм. Хэрэв энэ үнэн бол оюутолгойн гэрээг шинэчлэхээр ажиллаж буй ЗГ-ыг унагахаар хөдлөх нь арга ч үгүй биз. Оюутолгойн хөрөнгө оруулагчид гэрээ байгуулахдаа Монголын улс төрчидөд их хөмжээний мөнгө өгсөн гэх мэдээлэл өнөөдрийг хүртэл намжаагүй байна. Энэ үнэн бол тухайн улс төрчдийг энэ асуудалд хаалт хий хэмээн шахах нь тодорхой.
УИХ-ын гишүүн Сү.Батболдоос гадна М.Энхболдын фракц ч энэ ЗГ-ыг унагах сонирхолтой гэх мэдээлэл бий. Энэ мэдээлэл ЗГ байгуулагдсан цагаас явж эхэлсэн. Хэрэв ЗГ-ыг унагаж чадвал дараагийн бялууг тэд хүртэнэ. Тэгэхээр АН биш МАН-аас энэ засгийн газраа унагах сонирхол илүү гэсэн үг.