Улсын онцгой комиссоос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад 12-17 насны хүн амыг хамруулах зөвлөмж, уриалгыг гаргаж, эрчимжүүлэх үүрэг өгчээ.
Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны багш, суралцагчдаас тандалтын зорилгоор 14 хоногийн давтамжтайгаар түргэвчилсэн шинжилгээг 10 хүртэл хувийг хамруулан авахад шаардагдах зардлын нөөцийг шийдвэрлэхийг үүрэг болгов.
Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийгмийн салбарын удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Тэрбээр “Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувь нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн байна. Компьютер болон гар утасгүйн улмаас цахим хэлбэрээр явагдсан хичээлийн хөтөлбөрөөс тодорхой хэмжээнд хоцорсон сурагчдын мэдээллийг нягталж, хичээлийн хоцрогдлыг арилгах нь чухал. Энэ тал дээр багш, сурагчдад дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй’ гэдгийг онцоллоо.
Мөн наймдугаар сарын 19-22-ны хооронд үргэлжлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС