Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд

Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь 30 хүртэлх насныхан гэсэн баримт бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улс  хүүхэд, залуучуудын орон гэхэд буруудахгүй. Үүнтэй холбогдуулаад бодохоор, барагцаагаар 1.4 сая гаруй оршин суугчтай хотод хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх газар хамгаас чухал. Ядаж л биеийнхээ чилээг гаргаад гүйчих, эсвэл тааваараа дугуй жийчих зам, талбай алга. Мөн хосууд тааваараа болзож, зугаалах цэцэрлэгт хүрээлэн үгүйлэгдэж л байна.

Тэгвэл нийслэлийн хэд, хэдэн байршилд иргэд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болон спорт талбай байгуулах зураг төслийг батлуулжээ. Хотын захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 19-ний өдөр нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцан албаны хүмүүстэй уулзаж, ажлаа шуурхайлах үүрэг чиглэл өгсөн байна.

Тодруулбал, өөрийн эзэмшлийн газраа олон жил ашиглаагүй тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг нь цуцалж байгаа аж. Энэ хүрээнд нийтийн эзэмшилд буцаан авсан газруудын га талбайгаас хамаарч цэцэрлэгт хүрээлэн эсхүл спорт талбай байгуулах эсэхийг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас гаргасан тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврын дагуу шийдэх юм. 

Үүний дараа мэргэжлийн зураг зурах эрх бүхий байгууллагаар зургийг нь зуруулдаг аж. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гурван байршлын зураг төсөл нь батлагдчихсан байна. Тухайлбал, эхний ээлжид зураг төсөл нь батлагдчихсан байршлуудаас дурдъя.

1.8 ГА ТАЛБАЙД ИЖ БҮРЭН СПОРТЫН ТАЛБАЙ БАРИНА 

Эхнийх нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд 1.8 га талбай юм. Тус  талбайг олон жилийн өмнөөс хоккейн талбай болон хөлбөмбөгийн талбайн зориулалтаар ашиглаж иржээ. Уг талбайг 2013 онд Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын нэр дээр олгосон байна. Үүнээс хойш блокон хашаагаар хашаалснаас өөр зүйл хийлгүй өдийг хүрчээ.

Харин тус газарт олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай, экстрим спортын талбай, гүйлтийн зам, хажууд нь амралт чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралтын талбай бүхий иж бүрэн спортын талбай байгуулах аж. Мөн 580 гаруй хүний суудлыг буцаан сэргээн засварлахаас гадна автомашины зогсоол зэргийг зураг төсөлд тусгажээ. Хөрөнгө санхүүг нийслэлээс улсын төсөв рүү шилжүүлэхээр болсон байна. 

Хөрөнгө санхүү болон зураг төсөл нь батлагдсан учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт хийн гүйцэтгэгч байгууллагыг сонгох юм. Тохижилтын ажил зургадугаар сарын 20-ны өдрөөс эхлэх бөгөөд нийт хоёр сарын хугацаа шаардагдах гэнэ.

2.4 ГА ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, СПОРТ ТАЛБАЙ БАРИНА

Харин хоёр дахь байршил нь  Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай барина. Уг газарт барилгын ажил эхлүүлээд хашаалаад орхисон ухаж сэндийчсэн газар,  олон жилийн барилгын хур хог овоолоостой байгаа аж. Тиймээс тохижилтын ажил эхэлсэн ч багагүй хугацааг зарцуулна гэдгийг албаны хүн онцолж  байлаа.

812 МЕТР КВАДРАТ ТАЛБАЙД БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИНА 

Гурав дахь байршил нь  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Гадаад харилцааны яамны харьяа “Дипломат 95” орон сууцны ойролцоох “Диана” сургуулийн урд талбайд байрладаг 812 метр квадрат талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн барина. Дээрх гурван байршилд тохижилтын ажил зэрэг эхлээд, ижил хугацаанд ашиглалтад хүлээлгэж  өгнө гэдгээрээ ихээхэн онцлог.  Тэгэхээр шинэ хичээлийн жилд гурван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай нээлтээ хийх нь.

Харин зураг төсөл нь батлагдах шатанд яваа байршлуудаас дурдъя.

“BLUE MON” -ИЙ ТАЛБАЙН УРД ХЭСЭГТ ГАЗАР ДООРХ БАЙГУУЛАМЖ БАРИНА

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд харьяалагдах  “Blue Mon” -ий талбайн урд байрладаг авто машины зогсоолын үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цуцалжээ. Тус газрыг өмнө нь “Оюутны талбай”  хэмээн нэрийддэг байсан бөгөөд иргэд амрах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайг барихаар болжээ.  Ингэхдээ газар дээрээ тохижилттой,  газар доор авто зогсоолтой газар хэмээн  зураг төсөлд тусгажээ.

УДЭТ-ЫН АВТО ЗОГСООЛЫГ ХОЙД  ХЭСЭГ РҮҮ  НЬ ШИЛЖҮҮЛНЭ

Улсын драмын эрдмийн театрын /УДЭТ/  урд хэсэгт байрлах авто зогсоолын үйл ажиллагааг зогсоож тус  хэсэгт  иргэд амрах талбай байхаас гадна усан оргилуур, хөшөө дурсгалыг иж бүрнээр нь барихаар зураг төсөл нь хийгдээд явж буй. Ерөнхийдөө УДЭТ-ыг өөрийн гэсэн орон зай,  талбайтай болгох гэнэ. Харин авто зогсоолын хэсгийг  нь  УДЭТ-ын театрын баруун хойд  хэсэг рүү шилжүүлэх юм байна.

БОГДЫН МУЗЕЙН ГАДНА ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИНА 

Богд хааны зуны буюу сэрүүн ордны газраас нэр бүхий компани 2000 метр квадрат талбайг эзэмшиж байсныг хүчингүй болгожээ. Тус музейн эргэн тойронд тухайн орчинд нь тааруулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын зургийг батлуулахад тун ойртжээ. Мөн  Богдын өвлийн ордны гаднах хоёр га газарт иж бүрэн тохижилттой цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг  тавдугаар сарын 3-ны  өдрөөс эхлүүлжээ.

Энэ жил наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дээрх бүтээн байгуулалтыг арванхоёрдугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнолын өдрөөр хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна. Түүхэн дурсгалт барилга байгууламжуудыг тодотгон авч үлдэх ажлуудыг ийн хийгээд эхэлсэн нь сайшаалтай. Хэрэв дээрх бүтээн байгуулалтуудыг яс гүйцэтгэчихвэл иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгээс өөр очих газартай болох нь ээ.