“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчилж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэлээ. Тэрбээр “Түүхэн рекордыг эвдсэн Содномдоо баяр хүргэе. Манай улс 1961 онд НҮБ-д элсэж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. 1964 онд Токиогийн олимпод тусгаар улсынхаа ёсоор оролцсон. Үүнээс хойш 57 жилийн дараа Токиогийн тэнгэрт Монголын далбааг мандууллаа. Олимпийн наадамд явахаасаа өмнө манай өрөөнд уулзахдаа “Алтан медаль авчирна” гэсэн хэлсэн амандаа хүрлээ. Монголын ард түмэн Э.Содномпилжээгээрээ бахархаж байна. Паралимпын тамирчдыг эх орондоо ирэхээр хүлээж авч уулзана” гэлээ.