АНУ-аас хандивласан 188 370 тун Файзер вакциныг Монгол Улс хүлээн авлаа. Энэ вакцин нь КОВАКС хөтөлбөрөөр дамжин Мичиган мужийн Каламазу хот дахь Файзерийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байгаа юм.
Цар тахал эхэлснээс хойш АНУ-аас Монголд 4 сая гаруй ам. долларын дэмжлэг үзүүлжээ. Өнгөрсөн 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА буюу USAID) өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппаратыг хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг хийсэн байна.
Мөн Монголын 570 гаруй эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, 12 700 эрүүл мэндийн ажилтанд тандалт судалгаа хийх, АНУ-ын Засгийн газраас хандивласан эдгээр тоног төхөөрөмжийг ашиглах, удирдах, COVID-19-өөр өвчилсөн өвчтнүүдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ.