Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон боксчид “Наран’ плазагийн зургадугаарт давхарт байрлах “New York Liberty’ ресторанд зодолдсон хэрэг гарсан. Э.Цэндбаатар зодууллаа хэмээн олон нийтийн сүлжээгээр лайв хийж зарласан. Тэгвэл Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, тамирчны сахилга хариуцлага алдсан гэж Боксын холбоо үзжээ. Холбооны зүгээс өнөөдөр/2021.09.09/ хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байна.
Шигшээ багаасаа хөөгдсөн Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр би дэлхийн аваргад оролцоно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлага алга. Хэнд ч гомдохгүй ээ. Хэлэх зүйлээ би хэлнэ” гэжээ.