“Хилчин хотхон”-ыг төвлөрсөн шугамд холбох ажлыг эхлүүлэхээр боллоо

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хилчин хотхон” нь төвийн дулаан хангамж, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй, мөн хөрсний ус зайлуулах хоолой хийгдээгүй байгаа аж. Үүний улмаас 3500 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөж иржээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллав.

Хотын Захирагч С.Амарсайхан тус хорооны Засаг дарга, хотхоны СӨХ-ын ажилтнууд болон иргэд оршин суугчидтай уулзах үеэрээ “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дулааны төвийн шугамд холбох ажлыг эхлүүлнэ. Орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр хөрсний ус зайлуулах ажлын зураг төсөл бэлэн болсон. Удахгүй ажлууд хийгдэх болно” гээд уг хотхоны ногоон байгууламж, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар хорооны Засаг дарга болон бусад холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн 2019 оны төсөвт Хилчин хорооллыг төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээнд холбох ажлын зураг төсөл, барилга угсралтад шаардлагатай төсвийг суулгаж өгсөн байна. Мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны А/214 дугаар захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооноос тендер зарлаж материал хүлээн авч байгаа аж.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс