Есдүгээр сард багтаж ОХУ болон БНХАУ-аас 9750 орчим тонн АИ-92 автобензин нийлүүлнэ

Өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа ба нийт импортын 95 хувийг ОХУ, 5 хувийг БНХАУ-аас худалдан авч байна.

Манай шатахууны гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компани Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт ээлжит техникийн засвар, үйлчилгээ хийгдэж байгаа шалтгаанаар 09 дүгээр сард Монгол Улсад нийлүүлэх Аи-92 автобензиний захиалгыг 70 орчим хувиар бууруулсан нь шатахууны хангамжийн тогтвортой байдалд нөлөөлж, Аи-92 автобензиний тасалдал, хомстол үүссэн.

Иймд Аи-92 автобензиний хангамжийг бусад эх үүсвэрээс хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43,440 тонн шатахуун /автобензин 33,300 тонн, дизелийн түлш 10,140 тонн/ шатахуун худалдан авах захиалга өгсөн.

Хятад улсаас импортлох 724 вагоныг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Үүний үр дүнд Хятадын тал Монгол Улс руу шатахуун тээвэрлэх 150 вагоныг тус улсын 9 дүгээр сарын төмөр замын хуваарьт нэмэлтээр оруулж, шуурхай хамтран ажилласан ба эхний 2750 тонн АИ-92 автобензин ачсан 50 вагон 2021.09.25-ны орой Хөх хотоос хөдөлж, 2021.09.26-ны өдөр Зам-Үүд боомтоор орж ирсэн ба өчигдөр оройноос  шилжүүлэн ачих ажил хийгдэж, 25 вагоныг шилжүүлэн ачиж дууссан.

Хоёр дахь ээлжийн АИ-92 автобензин ачсан 50 вагон 2021.09.26-ны өдөр буюу өчигдөр оройХөх хотоос хөдөлсөн ба ойролцоогоор өнөөдөр 11-12 цагийн үед Эрээн боомтод ирж, үдээс хойш 17 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байна.

Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр дараагийн ээлжийн 50 вагоны ачилт хийгдэж байгаа ба ачиж дуусмагц Эрээн боомт руу яаралтай хөдөлгөх талаар Хятадын талын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.

БНХАУ-аас 9 дүгээр сард багтаж 3 удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн аи-92 автобензин импортоор орж ирэх юм.

Мөн 2021.09.23-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн уулзалт, хэлэлцээрийн үеэр 9 дүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн АИ-92 автобензиний эхний ээлж буюу 1210 тонн АИ-92 автобензин ачсан 20 вагон өчигдөр буюу 2021.09.26-27 шилжих шөнө Улаанбаатар хотын Толгойт өртөөнд ирсэн ба яг одоо шатахууны агуулахууд руу хуваарилж дууссан. Үлдсэн 300 орчим тонн АИ-92 автобензин  ачсан 5 вагон үйлдвэрээс ачигдан замдаа явж байна.

Есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 автобензин орж ирэх ба энэ манай улсын АИ-92 автобензиний ердийн 8 хоногийн нөөц юм.

ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗАР