Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас коронавирусний халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах хуваарийг Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын дарга баталсан. Үүний дагуу өнөөдрөөс төрийн албан хаагчид нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж эхэллээ.
Нийт 29 байгууллагын 417 албан хаагч коронавирусний халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Тухайлбал, НЗДТГ-ын 10 албан хаагч НОК-т, Нийслэлийн Архивын газрын 19, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас 12, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 35 албан хаагч Баянгол дүүрэгт, дүүргийн дуудлага мэдээллийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн түр бүлэг, эмийн багц савлах зэрэг ажил хийж байна.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ажилтан Г.Энхжаргал “Баянгол дүүргийн дуудлага мэдээллийн төвд ирж байгаа дуудлагын дийлэнх нь иргэд эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байгаа болон шинж тэмдэг илэрч байгаа талаар, мөн өрхийн эмч нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн мэдээллийг өгч байна” гэлээ.
НОК-оос гэрийн хяналт ажиглалтыг сайжруулах, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн ажил зохион байгуулж байна. ӨЭМТ-үүд үндсэн үйл ажиллагаа болон ковидын тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
НОК ковидын тусламж үзүүлэх үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллаж байна. Нэг хороонд коронавирусний 300 хүртэлх тохиолдол бүртгэгдвэл тухайн хорооны ӨЭМТ-ийн эмч, ажилчид хариуцан ажиллана. Харин 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл нэмэлт багийг ажиллуулж байна гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ. Мөн тэрбээр “Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 900-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн нэг хороо, 300-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн дөрвөн хороо байна. Дүүрэг бүрийн ачаалал долоо хоногоор өөрчлөгддөг. Өмнөх долоо хоногт Баянзүрх дүүрэг анхаарал татаж байсан бол энэ долоо хоногт Баянгол дүүрэг анхаарал татаж байна. Тиймээс НОК-оос нэмэлт багийг тухайн үед нь менежмент хийн ажиллуулна” гэсэн юм.