Хуулийн төсөлд нэрээ хавчуулагсад ИЧИГ ИЧИГ

УИХ-ын нэр бүхий гишүүдийн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нийгэмд багагүй дуулиан тарьж өргөн барьсан гишүүд нь өөрсдөө эргүүлэн татах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлснээр уг хуулийн өөрчлөлт унахаар болчихов. Гишүүд улс эх орныхоо чухал хууль санаачлан өргөн барихдаа ямар хайхрамжгүй ханддагийг үүнээс харж болохоор байна.  УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль санаачлах, хамтран оролцож санал санаачлагаа тусгах юм. Хууль санаачлан боловсруулж, батлуулсныхаа төлөө гишүүд тодорхой урамшуулал ч авдаг. Санаачлахаас эхлээд хэлэлцэн батлах үйл явц 76 гишүүний ажил байж болох ч хэрэгжүүлэх, дагаж мөрдөх нь Монгол Улсын эрх ашиг, нийт хүн амын асуудал. Бүр цаашлаад МУ оршин тогтнох уу, эс оршин тогтнох уу гэдгийг ч шийдэж мэднэ.  Тиймээс эрхэм гишүүд хууль санаачлах, боловсруулах, батлах ажилдаа тун нухацтай хандаж, эх орны эрх ашиг, ард иргэдийн амь, ажил амьдралын асуудлыг шийдэж байгаагаа ухамсарлах шаардлагатай байна. Мөн хууль санаачилсан гэж нэрээ хавчуулахдаа хуулийн төслөө сөхөж харахгүй бол эрхэм гишүүний нэр нүүр шороотой хутгах нь цаг хугацааны л асуудал гэдгийг энэ удаагийн тохиолдол хангалттай харууллаа. Мэдээж олон гишүүн санаачилсан хууль, нэмэлт өөрчлөлтүүд хүчтэй байж магадгүй. Гэсэн ч санаачилсан болон гарын үсэг зурсан гишүүдэд энэ удаагийн явдал маш том анхааруулга болов.

Хууль санаачлах чадваргүй, санаачилсан хуульд нэрээ хавчуулж оруулдаг гишүүд өмнөх парламентуудад ч байсан. Тэд дараагийн сонгуулиар ийм ийм хууль санаачлан батлууллаа та нар намайг дахиад сонговол та нарт хэрэгтэй сайн хууль дахиад санаачлан батлуулна хэмээн тайлан тараагаад явдаг нь нууц биш. Өнөөдөр МУ-д хэрэгжиж буй хуулиудын нэг нь нөгөөтэйгээ зөрчилддөгөөс олон хүн ял завшихад хүрч байгаа. Мөн хууль мэдэхгүй олон хүн ял сонсдог зэрэг хуудуутай зүйлсүүд их бий гэдгийг захын хуульч, өмгөөлөгч хэлдэг.  Тэгэхээр намууд хоосон толгойтой царайлаг, ганган, мөнгөтэй хүмүүсийг биш МУ-ынхаа болон нийт иргэдийнхээ эрх ашигт нийцэх хэмжээний хууль санаачлан батлуулах хэмжээний мэдлэг чадвартай хүмүүсээ нэр дэвшүүлэх цаг нь иржээ.

Монголчууд ч тийм хүн хүсч буйг УИХ-ын 18,28-р тойргийн нөхөн сонгуулийн ирц харууллаа. Тус тойргуудад нэр дэвшигчдийн алийг нь ч иргэд сонгохыг хүссэнгүй. Тиймээс дараа дараагийн сонгуульд мэдлэг чадвартай хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй бол улсын төсвөөс хичнээн төгрөг зарлагдаж сонгууль хийхийг таашгүй байна.

Д.Ядам