БНХАУ-ын Эрээн хотод корона вирусын халдварын нэг тохиолдол бүртгэгдэж хилээ хаасан билээ. Тэгвэл Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас нөхцөл байдлын мэдээг мэдээллээ. Аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн байна.
2021 оны аравдугаар сарын 13-ны өдөр Монголоос бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун ложистикийн бүст ажилладаг хятад ажилтнаас Ковид-19-ийн эерэг тохиолдол илэрч, шууд хавьтлын 33, дам хавьтлын 25 хүнийг тусгаарлажээ.
Аравдугаар сарын 14-ний өдрийн 00.00 цагаас эхлэн нийт албан байгууллагын үйл ажиллагааг зогсоон 14-ний өдрийн 24.00 цаг гэхэд Эрээн хотын нийт иргэдийг эхний удаагийн PCR шинжилгээнд хамруулсан байна.
Эрээн хотод хөл хорионы дэглэм үйлчилж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, хүнсний дэлгүүрүүд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагаас эхлэн бүгд хаагдаж, зөвхөн дуудлагаар хүнсний зүйлийг гэрт хүргэж, хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж хөл хорионы дэглэмийг чангатгажээ.
Эрээн хот одоогоор цар тахлын бага эрсдэлтэй бүсийн тоонд орсон бөгөөд Хятадын хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр энэ удаагийн халдварыг “дотоодын халдвар” хэмээн нэрлэж байгаа аж.
Эрээн хотод халдварын тоо нэмэгдсэн тул хилээ хэзээ нээх нь одоогоор тодорхойгүй байна.