“ЖИШИГ ҮНЭ БА АМНАТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол нүүрс ассосиациас хамтран “Жишиг үнэ ба Амнат” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт  “Эрдэнэс Тавантолгой” ХК,  Энержи ресурс ХХК, Таван толгой ХК,   Монголын Алт ХХК, Цагаан Өвөлжөө ХХК,  Өсөх зоос ХХК, Саус гоби сэндс ХХК,  Хүрэнтолгой коэл майнинг ХХК, Жавхлант орд ХХК,  МОЭНКО ХХК , Хур эрдэнэ баялаг ХХК зэрэг нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцов.

Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоох үнийн эх сурвалж”-ийн хүрээнд Сангийн яам сар тутам зарладаг нүүрсний зах зээлийн жишиг үнийг үндэслэлгүйгээр хэт өндрөөр тогтоосны улмаас нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна.

Сангийн яамнаас зарласан “хөөсөрсөн” бодит бус жишиг үнэ нь Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдэд үндэслэлгүй татвар ногдуулах, татварын шударга бус дарамтад өртөх нөхцөлд хүргээд байгаа юм. Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 7 дугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд компаниуд үндэслэлгүй татвар төлөхөд хүрч, Татварын ерөнхий хуульд заасан шударга, үр ашигтай байх зарчим алдагдаж байгаа юм.

Тиймээс нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өнөөдрийн хэлэлцүүлгээр хамтарсан шаардлага гаргаж Сангийн яаманд хүргүүллээ. Шаардлагад:

• Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт заасан “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэсний “6 дахь хэсгийг” гэснийг хүчингүй болгох,

• Монгол Улсын Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 196/А-266 хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг бодитой шийдвэр гаргах тал дээр анхаарч ажиллахыг шаардах,

• Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасныг үндэслэн 2021 оны 3, 4 дүгээр улирлын борлуулалтын гэрээний дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож гаргах зэрэг асуудлыг тусгажээ.