Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Уг тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа аж. Тэмцээнд 19 орны 139 тамирчин, 64 дасгалжуулагч, 46 шүүгч оролцож байна.
Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын оршин суугчдын талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлдэг. Тийм учраас бүх нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бид анхааран ажиллах ёстой. Биеийн тамир спортыг хөгжүүлэх хөдөлгөөнийг хот даяар өрнүүлэх зорилгоор мөсөн спортын ордон, дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай, нийтийн эзэмшлийн спорт талбай, цогцолбор байгуулах зэрэг ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран эхлүүлээд байна. Бид Улаанбаатар хотноо чөлөөт бөх, жүдо, бокс, сагсан бөмбөг зэрэг багийн болон ганцаарчилсан спортын 20 орчим төрлийн тив, дэлхийн хэмжээний тэмцээнийг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн бол энэ удаад нийслэлчүүддээ спортын гимнастикийн тэмцээнийг анх удаа зохион байгуулж Азийн шилдэг гимнастикчдийн үзүүлбэрийг хүргэхэд бэлэн боллоо.
Тив дэлхийн тэмцээний шилдэг тамирчдын үзүүлбэрийг дэргэдээс нь харж, тэднээр бахархаж, тэднийг үлгэр дуурайлал болгож, спортын гимнастикаар хичээллэх, бие бялдараа өв тэгш хөгжүүлэх, чийрэгжүүлэх, амжилтад хүрэх зориг эрмэлзлэл манай хүүхэд, залуусын дунд бий болно гэдэгт итгэж байна. Азийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн тамирчид, дасгалжуулагчид та бүхнийг нарлаг Монгол улсад, бидний хот Улаанбаатарт тавтай зочлохыг хүсье” хэмээлээ.
Энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулах тэмцээнийг дэлхийн 220 гаруй оронд онлайн болон телевизээр шууд дамжуулахаар БНХАУ-ын “AOSHI” компанийн 18 хүнтэй баг ажиллаж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс