УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаныхан өчигдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг газар дээр нь очиж шалган, холбогдох арга хэмжээг авах болсноо мэдэгдлээ.
ХУД-ийн 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр “Өмнө нь 100 гаруй машин өдөрт дээд тал нь таван удаа ачилт хийдэг байсан. Сүүлийн өдрүүдэд өдөрт 400 машин доод тал нь таван удаа ачилт хийж байна. Албаныхны шалгалт ирэх сургаар өчигдөр оройноос хойш компаниуд техникүүдээ нуусан. Манай хороонд таван кареер үйл ажиллагаа явуулж байна. Хорооны нутаг дэвсгэрт малын бэлчээр, ундны ус гэж байхгүй болсон. Нөхөн сэргээлт огт хийдэггүй. Хайрга, дайрганы тээвэрлэлт манай хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Тоосжилт маш их. Хорооны нутаг дэвсгэрт урсдаг байсан Бөхөг, Түргэн хэмээх хоёр гол ширгэж, ард иргэд ундны усгүй болсон. Манай энэ хавьд 17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол сүүлийн жилүүдэд нэг нь ч үзэгдэхээ байсан гэдгийг өндөр настай оршин суугчид хэлж байгаа” хэмээж байлаа.
Нийслэлээс Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлодог 94 компанийн эрхийг цуцалснаас 54 нь шүүхэд хандсан байна. Үүнээс 38-тай нь өнгөрсөн оны арванхоёрдугар сард эвлэрлийн гэрээ байгуулсан аж. Эвлэрлийн гэрээнд нөхөн сэргээлтээ хийсэн тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно гэж заасан боловч нэг нь ч өнөөдрийг хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй, хууль бусаар олборлолтоо хийсээр байгаа аж. Түүнчлэн Шувуун фабрик орчмоос олборлож байгаа хайрга дайрга нь барилгын материал биш, олон улсын стандартад нийцдэггүй гэнэ. Эндээс олборлосон хайрга, дайргаар барилга барьж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлж байв.
Хотын Захирагч С.Амарсайхан “Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Асуудлыг нэг тийш нь шийдэх цаг нь болсон. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ирээд үйл ажиллагааг нь зогсоодог ч эргээд хулгайгаар ажилладаг байдал бий болоод байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан хэдий ч үүргээ биелүүлээгүй 34 ААН, байгууллагын эрхийг сэргээхгүй, үйл ажиллагааг нь ч явуулахгүй. Гэрээг цааш нь сунгахгүй. Харин нөхөн сэргээлтийг нь хийлгэнэ. Туул гол дагуу 1000 га орчим газарт ямар ч нөхөн сэргээлт байхгүй, ийм байдалтай болсон байгаа. Түүнчлэн энэ чиглэлээр стандарт батлах хэрэгтэй байна. Мэргэжлийн байгууллагуудын шинжилгээ дүгнэлтээс авахуулаад олон талаас нь харж байж стандартын асуудлыг нэг тийш нь болгох ёстой. Бид ААН-үүдээ шууд буруутгаж бас болохгүй. Анхнаас нь эрх олгоогүй бол энэ газар ийм болохгүй байсан. Эрх олгосон бол мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж хяналт, шалгалтаа маш сайн хийх хэрэгтэй байсан” хэмээв. Түүнчлэн “Одоо ажиллаж байгаа ААН-үүдийн тоог гаргаад, техник хэрэгслийг нь бүгдийг нь журамлаад нөхөн сэргээлтээ хийсэн тохиолдолд эргүүлээд ажилд нь гарга. Нийслэлийн Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрынхан үүнд хатуу хяналт тавь. Нэг ч машин, техник гаргаж болохгүй. Байгаль орчны газар, мэргэжлийн хяналтынхан хамтраад хайрга, дайрга зөөж байгаа машинуудыг хучлага хэрэглэдэг, машин техникийнхээ дугуйны тоос шороогоо хүртэл унагаж, цэвэрлэсний дараа төв зам руу ордог байх гэх зэрэг асуудлуудыг тусгаад журам боловсруул. Машинууд хаагуур орж, гарч байгааг судалж, ариутгал халдваргүйжүүлэлтийн хяналтын пост гарга” хэмээн холбогдох албаныханд үүрэг болголоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Мэргэжлийн хяналтын байгууллага хуулийн хэрэгжилтийг хангуулж, байнга хяналт шалгалт хийх үүрэгтэй. Нийслэлийн Цагдаагийн газрынхан мөн хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилла. ААН, байгууллагууд нөхөн сэргээлтээ заавал хий. Хийгээгүй, хуулийн дагуу ажиллаагүй бол төр төмөр нүүрээ харуулах болно. Хүн хүч шаардлагатай бол дотоодын цэргээс нэмэлт авч болно гэдгийг ч хэлсэн. Монгол хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл энд ямар нөхцөл байдалтай байна. ААН-үүд хариуцлагатай, стандартын шаардлага хангасан хайрга дайргаа олборлож, хуулийн дагуу ажилла” хэмээв.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Мэргэжлийн хяналтын байгууллага техник тоног төхөөрөмжийг нь лацдаад, зөрчлийн хэрэг үүсгээд прокурорт өгч байна. Хуулийн дагуу авах арга хэмжээнүүдээ авч ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын газарт геологийн 46 байцаагч ажиллаж байна. 3300 гаруй обьектод хүрч ажиллахад хүндрэлтэй байгаа. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын шадар сайд уул уурхайн осол, гэмтэл, хууль бус олборлолттой холбоотой тогтоол гаргасан. Засгийн газраас хуулийн дагуу олборлолт, хайгуул явуулаагүй ААН, байгууллагын техник хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн” гэлээ.
УИХ-ын даргааар ахлуулсан албаныхан газар дээр нь ярилцаад бүх ААН, байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээлтээ хийсний дараа үргэлжлүүлэн ажиллуулах үгүйгээ шийднэ гэдгийг зарим компанийн удирдлагуудад мэдэгдсэн юм.