Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн (2021.10.27) барьсан.
Үүнтэй холбогдуулан Монголын даатгалын холбоо, Монголын Даатгалын Зуучлагчдын Холбоо, Монголын Хохирол Үнэлэгчдийн холбооноос хэвлэлийн хурал хийсэн. Тэд “УИХ-ын гишүүд жолоочын хариуцлагын даатгалын нөхөн төлбөрөөр улс төр хийж байна’ гэсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “ДААТГАЛЫН ЦӨӨН КОМПАНИ ЯЛАХ УУ 1 САЯ ЖОЛООЧИЙН ЭРХ АШИГ ЯЛАХ УУ?!
Хэн нэг компани төрийг дарамталж, шантаажилна гэж байхгүй. Жилдээ автомашины сайн дурын гэгч даатгалаас 4 тэрбум, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас 3 тэрбумыг халаасалдаг даатгалын зарим компани жолооч нарыг үргэлжлүүлэн шулахын тулд 150 сая төгрөгийг хуулийн өөрчлөлтийг муучлах пиар, ТВ, УИХ-ын гишүүдийг хувааж авч лоббидоход зориулж гаргасан байна. Энэ ажлыг нэр бүхий компанийн төлөөлөл Б., Б., Г. нар хариуцан гүйцэтгэж байна. Угтаа энэ бол жолооч нарт нөхөн төлбөрт өгвөл зохих жолооч нарын мөнгө юм. УИХ-ын олон гишүүд компанийн лоббид автахгүй, нийтийн эрх ашгийн талд хатуу байр суурьтай байгаа.
Нийтийн эрх ашгийн төлөөх хуулийн төсөл энэ 7 хоногт хэлэлцэгдэнэ!
Даатгалын компаниудын эрх ашиг хүчтэй юу, 1 сая жолооч иргэдийн эрх ашиг хүчтэй юу гэдгийг ДАВАЛГААЛАН ХАРУУЦЛГААЯ!
Жолооч нарын эрх ашгийн төлөөх хуулийн өөрчлөлтийг ДЭМЖИЖ БАЙВАЛ ЦААШ НЬ ТҮГЭЭЦГЭЭЕ!
ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР:
Жолоочийн хариуцлагын даатгалыг ашгийн бус, төрийн оролцоогүй, жолооч иргэдийн төлөөлөл бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн санаачлав.
Хууль батлагдсанаар:
1. Хохирлыг бодитоор үнэлдэг болно.
2. Эрүүл мэнд, амь насны хохирол гараагүй бол цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр, давхар зөрчлийн оноо хасуулж, торгуулахгүйгээр даатгалаас нөхөн төлбөр авдаг болно.
3. Осол гарсан даруйд засварын газарт шууд очиж автомашинаа засуулдаг болно. /Төлбөр тооцоо Даатгалын сангаас засварын газарт шилжинэ. Үндэслэлгүй үнэ өсгөх, чанаргүй засвал гэрээг цуцлах хяналтыг тавина./
4. Зөвхөн автомашин эзэмшигч даатгал төлж, тухайн автомашиныг жолоодсон гэр бүл, үр хүүхэд, бусад хүмүүс даатгалтайд тооцогдоно.
5. Осол гаргаагүй жолооч нарын даатгалын хураамжийг бууруулна.
6. Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах, зарим тохиолдолд газар дээр нь шуурхай алба очихгүйгээр цахимаар ослын нөхцөлийг тодорхойлох боломжтой болно.
7. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл орж, хяналт тавих боломжтой болно.
8. Даатгалын санд хуримтлагдсан мөнгө хэн нэгэнд ашиг болохгүй, үүнийг жолооч нарын өөрсдийнх нь төлөө зарцуулна: Соён гэгээрүүлэх, сургах, ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах’ хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.