АНУ-ын “Старшип” технологийн компанийн бүтээсэн хоол түгээгч робот 2 сая дахь хүргэлтээ хийсэн байна. Нэг тохой орчим өндөртэй, дөрвөн том пицца барих чадвартай роботууд ресторануудаас хоолны захиалгаа аваад эзэнд нь хүргэлж өгдөг байна.
Роботууд АНУ-ын 20 орчим хоолны газруудаас захиалга хүргэж байгаа бөгөөд удахгүй 25 болж нэмэгдэх аж. АНУ цар тахлын улмаас ажиллах хүчний дутагдалд ороод байгаа. Тэгвэл хүний нөөц дутмаг байгаа ресторан кафе хоолны газруудын эзэд, “Старшип” компанитай гэрээ хийж робот хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх болсон нь ачааллыг ихээхэн хөнгөлж байгааг мэдэгдсэн байна.
Тус компани 2019 онд ердөө 250 роботтой байсан бол одоо 1000 гаруй роботтой болжээ. Робот хоол хүргэх нь уран зөгнөлт зохиол байхаа хэдийн больсон бөгөөд удахгүй үйлчилгээгээ нэмэгдүүлнэ хэмээн тус компаниас мэдэгдсэн байна.