Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Оюу толгой” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нар, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын нэр бүхий байцаагч нар “Оюутолгой” ХХК-ийн 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрөөс зарим хэсгүүдийг “Оюу толгой” ХХК эс зөвшөөрч маргасан байна.
Тухайлбал, “Оюу толгой” ХХК-иас “Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, дээрх шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, торгууль, алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах, шийтгэлийн хуудсын 19 дэх хэсэгт татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасаж тооцон 2014-2015 онд алдагдлыг ихэсгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хүчингүй болгуулах, шийтгэлийн хуудсын 1-ийн а, б-ийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль (2015 он)-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч татварын улсын байцаагч нарын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийн зарим хэсгийг өршөөлд хамруулж, үлдсэн гомдлын шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт “… шийтгэлийн хуудсын 1а, 1б дүгээр зүйлийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангиас 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийг дуустал хугацаанд хамаарах хэсгийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.