Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдана гэх зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан хэргийг Тагнуулын Ерөнхий газраас шалгаж эхэлжээ. Түүнчлэн тус хэрэгтэй холбогдуулан Тагнуулын Ерөнхий газар, Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газар хуралдаж байгаа гэх албан бус мэдээлэл байна.
Тус сайтын Marketing Database буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар мэдээлжээ. 2019 оны есдүгээр сард элссэн уг хэрэглэгч “Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү’ гэж бичсэн байна.