Европын хэд хэдэн улсын нийслэлд сүүлийн өдрүүдэд эрх баригчдын тогтоосон коронавирусийн эсрэг тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг иргэд эсэргүүцэн гудамжинд жагсч байна. Зарим хотод жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн үүссэн байна.
Бельгийн нийслэл Брюссель хотноо ням гарагт болсон томоохон хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөнд 35 мянган хүн оролцсон гэж цагдаагийн газраас мэдээлжээ. Утаат бамбар шидэж байсан жагсагчид руу цагдаагийнхан нулимс асгаруулагч хий цацсан байна.
Иргэд олон нийтийн газар нэвтрүүлэх ковид паспорттой холбоотой асуудлыг эсэргүүцэн жагсжээ. Бельгийн Засгийн газар шинэ давлагаа гарсантай холбогдуулан амны хаалт зүүх хязгаарлалтаа чангатгасан байна. Түүнээс гадна шинэ журмын дагуу бельгичүүдийн ихэнх нь арванхоёрдугаар сарын дунд хүртэл долоо хоногийн дөрвөн өдөр нь гэрээсээ ажиллахаар болжээ. Мөн эмнэлгийн бүх ажилтнууд дархлаажуулалтад хамрагдах ёстой болсон байна.
Нидерландад бямба гарагт хоёр дахь өдрөө дараалан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлжээ. Гааг хотноо онц байдал зарлаж, жагсагчдыг нохойгоор хөөж тараасан байна. Хамгаалалтад гарсан таван хүн гэмтэж бэртсэн гэж Гаагийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Роттердам хотноо бямба гарагийн шөнө мөн л мөргөлдөөн болж, хотын захирагч Ахмед Абуталеб хүчирхийлэл газар авлаа гэв.
Хорватад өндөр настай хүмүүсийг вакцинд заавал хамруулах ёстой гэсэн журмыг эсэргүүцэж, Загреб хотноо иргэд гудамжинд гарч жагссан байна.
Австри даваа гарагаас үндэсний хэмжээний хөл хорио тогтоох, 2022 оны хоёрдугаар сараас иргэдээ заавал вакцинд хамрагдахыг шаардсан журам батлахаар төлөвлөж буйг зарласны дараа нийслэл Вена хотод эсэргүүцлийн жагсаал болжээ. Хэрвээ энэ журмыг албан ёсоор баталвал Австри улс иргэдээ вакцинд хамрагдахыг хуулиар шаардсан анхны улс болох юм байна. Жагсагчид эрх чөлөө шаардаж, үндэсний туг далбаагаар даллаж, бие биеэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалжээ.
Францын нутаг дэвсгэрт ковид паспортын асуудлаас үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Өнгөрсөн шөнө дэлгүүрүүдийг дээрэмдэж, тонож, шатаажээ.
Эх сурвалж: ВВС