Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад аялаад Калифорнид буцаж ирсэн иргэнээс коронавирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрсэн тухай АНУ-ын засгийн газар өчигдөр мэдээллээ.
Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Өмнөд Африкаас ирсэн зорчигчоос өнгөрсөн Даваа гарагт халдвар илэрсэн юм байна. Одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн, шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ажээ.
Сан-Франциско хот дахь Калифорнийн Их Сургуулийн судлаачид өвчтөнөөс Мягмар гарагийн орой сорьц авч, генийн дарааллыг шинжилснээр маргааш өглөө нь Омикрон хувилбараар өвчилснийг тогтоосон байна.
Өвчтөнтэй ойрын хавьтал болсон бүх хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Өчигдрийн байдлаар дэлхийн 23 улсад коронавирусийн Омикрон хувилбарын тохиолдол илрээд байна. Долоо хоногийн өмнө Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд тус улсад вирусийн шинэ хувилбар илэрснийг анх зарлаж байв.
Эрдэмтэн судлаачид одоогоор Омикрон хувилбар хэр зэрэг хор хөнөөлтэйг хараахан тогтоож чадаагүй байна.
Эх сурвалж: https://www.nbcnews.com/news/us-news/omicron-variant-found-california-rcna6909