“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаан үргэлжилсэн. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нараас 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Улсын Их Хурлын даргын 2021 оны 32 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр ажлын дэд хэсэг, холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан байна.
Байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцжээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан өргөн мэдүүлсэн төслийн 10 дугаар зүйлийн 10.7.3 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг 3 ба түүнээс дээш удаа тасалсан, хуралдааны /цахим/ ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цагийн нийлбэр дүн ажлын 3 өдрийн цагаас дээш гарсан бол гэж заасан талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 15 саналын томьёолол, найруулгын 3 саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Х.Баделхан гишүүн танилцуулав.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүллээ.