ЧИНГЭЛТЭЙ УУЛАНД АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ ЗАДГАЙ ТЕАТР МЭНДЭЛЛЭЭ

default

Нийслэл Улаанбаатар хотын хоймор Чингэлтэй хайрхан уулын энгэр бэлд бүтээн байгуулсан “Эрдмийн задгай театр”-ын нээлтийн арга хэмжээ энэ ням гарагт болох гэж байна. Тус задгай театр нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитад байгалийн цогцолборт байрлаж буйгаараа онцлог бөгөөд соёл, урлагийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм.

Нээлтийн арга хэмжээ 8 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагт болох бөгөөд соёл, урлагт хайртай, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхнийг Эрдмийн задгай театрт урьж байна.

Театрын талбайг тохижуулахдаа эх орныхоо байгалийн гантиг чулуугаар зөв гурвалжин, тэг дөрвөлжин дүрсүүдийг ашиглан эртний монгол зурхайн ухааны бэлэгдлийг шингээхийг зорьсон бөлгөө. Талбайг дугуй хэлбэрээр засахдаа 4 ширхэг зөв гурвалжин, 3 ширхэг тэг дөрвөлжнийг үүсгэн байрлуулсан ба дорнын зурхайн 12 жилийг ивээл болон харш жилүүдээр нь харгалзан нэгэн зөв гурвалжин, тэг дөрвөлжний оройнуудад байрласан байхаар дүрсэлсэн төдийгүй өрнийн зурхайн 12 ордыг, бас монгол цаг тооллын уламжлалыг ч хадгалан дүрслэхийг хичээлээ. Талбайн төвд үүссэн зөв 12 өнцөгт маань дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдсэн шатрын хөлөг лугаа тул хүүхэд багачууд наадан тоглохын зэрэгцээ хялбар дүрсүүдээр ямар хэмжээний зүй тогтол, өөр хоорондын уялдааг үүсгэж болдгийг анхааран ажигласугай хэмээн урлалаа.