“Монгол Улсын ундны усны хэрэглээ улаан түвшинд хүрч байна” сэдэвт хэвлэлийн бага хурал болж байна.
“Усны төлөө иргэдийн нэгдэл” ТББ-аас “Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон Монгол усны нөөцийн хомсдолд орсон тухай” сэдвээр мэдээлж байна.
“Усны төлөө иргэдийн нэгдэл” ТББ-ыг үүсгэн байгуулагч, тэргүүн З.Батбаяр:
-Усны нөөц үнэхээр тулгамдсан асуудал болсон тул та бүхэнтэй хуваалцаж байна. Дэлхийн нийт хүн амын тал нь газрын доорх уснаас уудаг. Дэлхийн нийт аж үйлдвэрийн 1/3 нь газар доор усаар тэжээгдэж байна. Тэгвэл манай улсад байдал ямар байгаа танилцуулъя. Хэрэв маргааш бид газар доорх усыг авах боломжгүй болбол Говь-Алтайн Алтай хотоос бусад бүх суурин газрын унд, ахуйн хэрэглээний ус бүрэн зогсоно. Манай бүх үйлдвэрийн ажил бүрэн зогсоно.
Манай улсын эдийн засгийн гол салбар болсон уул уурхайн компаниудын 97 хувь нь гүний ус ашиглаж байна. Эндээс газар доорх усны хэрэглээ ямар өндөр байгааг та бүхэн ойлгоно. Дэлхийд энэ үзүүлэлт 50 хувь байхад манайд 100 хувь байна. Манай улсын нэг жилийн усны нөөц 608 км куб гэж тооцдог байв. Гэтэл саяхан БОАЖЯ-наас 564 км куб болж багассан талаар мэдээллээ. Бараг 50 км кубээр багасжээ. Яагаад багасав гэхээр маш олон гол горхи ширгэсэн, мөнх цаст уулууд, мөсөн голууд хайлсан. Гэтэл манай газар доорх ус 10 км куб байдаг.
Нийслэлчүүд өдөрт 160 мянган метр куб ус ашигладаг. 1980-аад онд хэрэглээний дээд хязгаарыг 220 мянган куб метр байна гэж заасан. Гэтэл одоо 230 мянган м.куб ус хэрэглэж байна. УСУГ 12 мянган худгаас ус татдаг.
Хоёр литр ус хэрэглэх боломж байхад бид гурван литрийг хэрэглэж байна. Бид усны нөөцийн хомстолд орсноо дэлхий дахинд зарлах цаг ирлээ. Үүнээс гарах арга замыг ярилцах хэрэгтэй болсон гэв.