Чононд хонь хадгалуулсан үлгэр буюу арилжааны банканд байршуулсан төрийн мөнгө

Төсөв болон тусгай сангуудын мөнгийг зөвхөн улс төрчид хусч хулгайлдаг биш гэдгийг манайхан хэдийнэ анзаарч харсан байх. Сүүлийн үед арилжааны банкууд хэмээх айхтар хулгайчид гараад ирчихсэн. Энэ талаархи балагтай хэрнээ “баялаг” жишээ баримтууд цөөнгүй байна.

Гэхдээ бүгд биш л дээ. Олны хамгийн сайн мэдэхээр “Капитал” банк. Тус банк  ЭМДЕГ болон НДЕГ-ын тусгай сангуудын хэдэн зуугаар яригдах хөрөнгө мөнгийг хусчихсан. Төр одоо болтол энэ хөрөнгөө авч чадахгүй дүлэгнэж байна. Харин хэдхэн хоногийн өмнө барьцаанд байгаа хөрөнгүүдийг нь яаралтай худалдаж  төр мөнгөө олж авах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.

Төр итгэж дэмжээд хөрөнгө мөнгөө хадгалуулахаар хулгайлчихаад “хоёр чихнээс өөр юм байхгүй” гэх нь холгүй хэнэггүй царайлж сууна гэдэг бас л бөх зүрх шүү. Яг л чонын хүзүүнээс зүүсэн мах гэдэгтэй агаар нэгэн.

Хаагдаж, хаалгаа барьсан “Капитал”-ын араас  хэзээ мөдгүй  орж магадгүй  байгаа арилжааны хоёр ч банкны нэр яригддаг. Тэд бол Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк. Учир юу вэ гэвээс тус банкууд нь МБ-аас тавьж буй өөрийн хөрөнгөө 100 тэрбум төгрөг болгох болзол шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс цаашид  орших эс орших нь тодорхойгүй байна.

Гэвч хамгийн хачирхалтай нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк Монгол банкнаас зээл аваад дээрх мөнгөөсөө

 төлчихсөн гэдгийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар зарлаж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Лхагвасүрэн хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ банк 100 саяын барьцааг 50 саяар үнэлдэг бол манай банк 30 саяар үнэлсэн хэмээн өөрсдийгөө өмөөрч буй. Уг нь тухайн барьцаа нь аль хэдийн улсад төлөх хэдэн тэрбумын зээлийн барьцаа байлтай.

Тодруулбал,  Аваргуудын нэр дээр яригддаг Үндэсний хөрөнгө оруулалтын банк төрийн олон тэрбум төгрөгийг гацаачихаад хэдэн жилийн нүүр үзэж байна. Өнгөрөгч намар хотын дарга Д.Сумъябазар  тус банк төрийн сангуудын өрийг оноос өмнө төлж дуусна. Яагаад гэвэл би Сумъяабазар, хэлсэн үгэндээ эзэн болно хэмээн мэдэгдсэн боловч төрийн мөнгийг төрөөс нь зээл аваад төлчихсөн.

Хотын дарга  ч энэ тухайгаа оны өмнөхөн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк Нийгмийн даатгал болон ЭМД-ын эх үүсвэрийн мөнгийг хүү торгуулийн хамт бүрэн төлж дуусгажээ. Хэлсэн ярьсандаа байж чадсан  тус банкны удирдлагууддаа баяр хүргэе” хэмээн жиргэж  байв.  Гэвч энэ нь зүгээр л жүжиг байсан. “Но”-г нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ил болсон.

Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн энэ асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд тусгай сангуудын 76 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэл бий гэдгийг хэлсэн юм.

Ийнхүү Сумъяабазар даргын хуудуутай жиргээ худал байсан нь төдөлгүй илэрсэн.

Татвар төлөгчдийн хөрөнгө мөнгийг нь ийнхүү гарын салаагаар урсгачихаад байхад тухайн банкны санхүүгийн зах зээл дээрх нэр хүндийг нь хадгалах, дахин зээл олгож өмнөх зээлийг нь хаах, бизнесийн нууц гэсэн байдлаар толгойг нь илээд байдаг Монгол банкийг ойлгох гэж хичээх нь бас нэг толгой гашилгасан асуудал  болов.

Чингис хаан банк гэхэд төрийн тусгай сангийн 140 тэрбум төгрөгөөр гараа угаачихсан. Сүүлийн нэг жилийн дотор тус банк энэ өрнөөсөө нэг ч төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Тодотгоход, БХБ-ын дэд сайд асан “Нүүдэлчин” группийн Ш.Лхамсүрэнгийн эгч Ш.Бүтэд тус банкны томоохон хувьцаа эзэмшигч юм.  Байгаад байхыг бодоход энэ банк ажиллаад орох гарах мөнгөн урсгал нь царцчихаагүй гэж ойлгогдоод байгаа юм. Гэсэн хэрнээ төрийн мөнгийг төлж барагдуулахдаа яагаад ингэж хойрго, хэнэггүй хандаж байгааг нь улс төрийн нөлөөлөлтэй л холбож харахаас өөр аргагүй мэт. Энэ гэр бүлийнхэн МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз.

 

Төр мөнгөө хадгалуулдаг, түүнийг нь банкууд үрэн таран хийгээд дуусгачихдаг. Эргүүлж өгнө гэж бараг үгүй, болж өгвөл мартагнуулах хуйвалдах замаар аргацаах гэдэг. Монголын арилжааны гэх зарим банкууд дээр иймэрхүү дүр байдал үргэлжилсээр байна.

Энэ байдлын сургамж эрхбиш төсвийн мөнгийг Төрийн санд байршуулах шийдвэрийг гаргахад хүргэсэн нь сайшаалтай. Гэхдээ алдагдсан хөрөнгөө авах тал дээр арай л хойрго хандаад байх шиг харагддаг.

Монгол банк орох гарах хоёр урсгалыг нь хянасаар байгаа хэрнээ л тартагт нь тултал хадгалж, тэнд байсан төр хийгээд иргэд ААН-ийн хөрөнгө мөнгийг  дуустал нь сэгсэрсний дараа л сая нэг дампуурал зарлаж байгаа нь  ниргэсэн хойно нь хашгарахтай адил юм.

Д.Гэрэлээ