Нийслэлийн чиг үүрэг, Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон чиг үүргийг Засаг даргын харьяалах байгууллагын дүрэмд тусгасан байдлын талаарх танилцуулга, мэдээллийг сонсов. Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд дээрх мэдээллийг төлөөлөгчдөд өглөө. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тогтоолоор батлагдсан чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг баталсан. Энэхүү аргачлалын дагуу хийсэн судалгааны дүнгээр Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг 215 хуулиар тодорхойлсон байдаг бол, ерөнхий чиг үүрэг 13, үндсэн чиг үүрэг49, дэд чиг үүрэг 288 байдаг аж. Мөн тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 35 агентлагийн чиг үүргийг Нийслэлийн Засаг даргынхтай харьцуулан шинэчлэн тодорхойлжээ. Улмаар 25 агентлаг, НЗДТГ-ын дүрмийг тодорхойлсон чиг үүргийн хүрээнд шинэчлэн боловсруулж батлуулсныг Хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулсан юм. Харин төлөөлөгчид агентлагууд чиг үүргийн давхцалтай, үүнээс шалтгаалсан ажлын хийдэл гарч, эзэнгүйддэг асуудлыг хөндлөө. Тухайлбал, төлөөлөгч Н.Баярчимэг босоо тогтолцоотой агентлаг буюу халамж, эрүүл мэнд зэрэг зарим салбарыг хариуцсан нийслэлийн агентлагуудтай хэрхэн үйл ажиллагаагаа уялдуулж ажилладгийг тодруулав. Мөн чиг үүргийн давхардлаас үүдэлтэй төрийн байгууллагын бүтээмж сул байгааг П.Ганзориг төлөөлөгч хэлсэн юм. Тэрбээр мөн төрийн анхан болон дунд шатны албан хаагчдын ажлын ачаалал хэт их байгааг тодотгов. Харин Д.Ихбаяр төлөөлөгч төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх асуудлыг хөндөв. Төлөөлөгчдийн гаргасан санал буюу чиг үүргийн давхцал, хийдэл, дэд чиг үүрэгтэй шаардлагагүй агентлагууд ажилладаг, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зэрэг саналуудыг нэгтгэсэн зөвлөмжийг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооноос гаргана гэдгийг тус хорооны дарга Б.Мягмар хэлэв.
Эх сурвалж: НИТХ