Прокурорын байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн газартай хамтран Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан иргэд дээрх төрлийн бодисыг дахин хэрэглэсэн эсэхийг улсын хэмжээнд шалгалаа.
Шалгалтын хүрээнд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Багануур дүүргийн прокурорын газрууд 49, Дархан-Уул, Орхон аймгийн прокурорын газрууд 8 хүнийг шинжилгээнд хамруулахад 2 иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар хойшлуулж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан иргэн Г.Н, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан иргэн А.М нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэлгүй дээрх төрлийн бодисыг хэрэглэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд прокуророос иргэн Г.Н, А.М нарт хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг хүчингүй болгуулах дүгнэлт бичиж, шүүхээр хорих ял оногдуулж шийдвэрлүүлсэн байна.
Прокурорын байгууллагаас албадлагын арга хэмжээ авагдсан иргэдэд дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байхад чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, зохион байгуулж байгаа сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэхэд анхраарч ажиллах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг чиглэл өгсөн байна.