Монгол, Францын орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Булган сум нь Бүгд Найрамдах Франц Улсын өмнөд нутаг дахь Узас хоттой эгч, дүүс хотын харилцаа, хамтын ажиллагаатай юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2022 онд сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу Өмнөговь аймгийн Булган сумын дунд сургуулийн удирдлага, багш, сурагчид 2022 оны 5 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд Салиес дү Сала (Salies du Salat) хотын дунд сургуулийн урилгаар Франц Улсад айлчилж, солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.
Булган сумын сургуулийн 6, 7, 8, 9 дүгээр ангийн нийт 7 сурагч уг хөтөлбөрт хамрагдахдаа франц айлд амьдарч үе тэнгийн хүүхдүүдтэй хамт хичээлд суух, орон нутгаар аялах, соёл, спортын олон сонирхолтой арга хэмжээнд оролцсон юм.
Айлчлалын төгсгөлд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү Булган сумын багш, сурагчдыг Парис хотноо хүлээн авч уулзан солилцооны хөтөлбөрт хамрагдсан санал сэтгэгдлийг нь сонсож, цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжууд, ирэх онд франц багш, сурагчдыг хүлээн авах талаар санал солилцов. Өөр хэл, соёл, зан заншилтай хүүхдүүдтэй нөхөрлөх, Монгол орон, түүх соёлоо танилцуулах, үе тэнгийнхэнтэйгээ санал бодлоо хуваалцах, хүсэл мөрөөдлөө ярилцах, Франц орны сурах, амьдрах хэв маяг, түүх, соёлын өвүүдтэй танилцах гэх мэт хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, ертөнцийг харах өнцгийг баяжуулсан энэхүү аялалд хамрагдсандаа баяртай буйгаа сурагчид илэрхийлэв.
Элчин сайд У.Нямхүү Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд сургууль хоорондын солилцооны хөтөлбөр ийнхүү анх удаа амжилттай хэрэгжсэнд баяртай буйгаа илэрхийлж, энэ төслийг ажил хэрэг болгоход олон хүний сэтгэл зүтгэл, дэмжлэг чухал байсныг тэмдэглэв.
Тухайлбал, Узас хотын хүндэт Засаг дарга ноён Рөнэ Савэли, Салиес дү Сала дунд сургуулийн захирал Ф.Мүшэ, багш ажилтнууд, халуун дотноор хүлээн авсан франц гэр бүлүүд, хүүхдүүд, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Сүрүн, Өмнөговь аймгийн удирдлага, хамт олонд монгол сурагчдынхаа өмнөөс талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлэв.