Цагдаагийн албан хаагчид иргэдийн мэдэх эрхийг хангадаг сэтгүүлчдийн биeд нь халдах, тeхник хэрэгслийг нь эвдэх тохиолдол удаа дараа гарч хэвлэн нийтлэх эрхэнд ноцтойгоор халдаж буй асуудал гарсаар байгаа учир өнөөдөр сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө Сүхбаатарын талбайд жагссан.
Энэ талаар Хуульч, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудастаа “Сэтгүүлчид “яагаад цагдаа ийм хүчирхийлэгч болчхов” гэж их асуух юм. Цагдаа угаасаа л ийм байсан. Ноёд хаадыг хамгаалдаг зэвсэгтэй харуулаас нам төр хамгаалдаг болж өөрчлөгдсөн тушаал биелүүлэгч төдий цэрэг маягийн нөхөд. Тэднээс өөр юу хүлээх!
Цагдаа, за бараг 100 жил тогтсон байгууллагын соёл хандлагаараа дотоодын дайсантай тэмцэж, нам засагаа (удирдагчаа) хамгаалдаг гэж боддог уламжлал, бодол санаатай хүмүүс. Харамсалтай нь “дотоодын дайсан” гэдэг нь иргэд бид болчихдог. Бүх иргэнээ гэмт хэрэгтэн гэж бодож, харддаг социализм Монголд амь бөхтэй байсаар л байна!
Үндсэн хуульт ардчилсан улсад сэтгүүлч, цагдаа хоёр яг адилхан иргэний үйлчлэгч! Нэг нь иргэний мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хангадаг мэргэжилтэн бол нөгөө нь иргэний аюулгүй амьдрах, өмчийн болон бусад эрх чөлөөг хамгаалах үйлчилгээг үзүүлдэг мэргэжилтэн.
Цагдаа ч тэр, сэтгүүлч ч тэр төрөхдөө энэ мэргэжлийнхээ нөлөө, эрх мэдэлтэй төрдөггүй. Иргэний заяамал (төрөлх) эрх болсон энэ мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, аюулгүй амьдрах эрх дээр суурилж хууль болон мэргэжлийн ёс зүйн хүрээнд иргэн, олон нийтэд үйлчлэх учиртай мэргэжилтнүүд.
Сэтгүүлчид ч гэсэн соц үеийнх шиг удирдагчийг магтан дуулж, одоо үе шиг эрх мэдэл, мөнгөтэй түншлэлгүй мэргэжилдээ үнэнч, иргэний мэдэх эрхэд үйлчилж байвал энэ улс орны ирээдүйд их хэрэгтэй.
Цагдаа, сэтгүүлч аль аль нь иргэнээ үгүйсгэж, мэргэжлийн хил хязгаараа давахгүй байвал болно доо’ хэмээн бичжээ.