Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт орон нутгийн нислэгийн үнэ тарифтай холбоотой гомдол хүсэлтийг Улсын Их хурлын нэр бүхий гишүүн болон иргэдээс ирүүлсэн.
Өлгий чиглэлийн тийзний үнэд холбогдох судалгаа хийж гүйцэтгэсэнтэй холбогдуулан ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга Т.Батцэцэг нар өнөөдөр “Аэромонголиа” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Тус компанийн төлөөлөл “Өлгий чиглэлийн үнийг нэмэгдүүлэхэд шатахууны үнэ, ам долларын ханшийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Тус чиглэлийн алдагдлаа орон нутгийн захиалгат болон олон улсын нислэгээр олсон орлогоор нөхдөг, бусад дотоодын агаарын тээвэрлэгчид тус чиглэлд алдагдалтай ажилладаг тул нислэг үйлддэггүй” хэмээн тайлбарлажээ.
Уулзалтын төгсгөлд хэрэглэгчийг зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, чанартай үйлчилгээг авах боломжоор хангах үүднээс Өлгий чиглэлийн нислэгт борлуулж буй суудлын ангилал төрөл, үнэ тарифыг суудлын төрөл ялгалгүй дундажлан тогтоож үнийг бууруулах зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэж буйгаа ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун илэрхийллээ. Мөн тус компанийн зүгээс ирүүлсэн орон нутгийн хуваарьт нислэг үйлдэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаарх саналыг холбогдох яам болон харьяалах бусад газруудад уламжилахаар боллоо.