Энэ жилийн баяр наадмаар Улсын аварга цол авсан О.Хангай “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-аас өгсөн бай шагналаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар шийдвэрлэсэн.
Тохижилт, засварын ажил дуусаж, өчигдөр /2022.08.22/ албан ёсоор хүлээлгэн өглөө. Тус тасгийн 283.8 м.кв талбайг бүхэлд нь тохижуулж дууссан бөгөөд албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр болжээ.
Арга хэмжээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа, “Тоёота Сэйлс Монголиа’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи, Улсын аварга О.Хангай, түүний гэргий Н.Дэлгэртуяа, “Монгол контент’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинзориг нарын зочид, төлөөлөгч оролцсон байна.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник нь өдөртөө 1000-1400 хүүхдэд үзлэг, оношилгоо хийдэг бөгөөд тэдгээр хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид зэрэг нийт 2000-2500 хүнд өдөртөө үйлчилдэг байна. Ийнхүү өндөр ачаалалтай ажилладаг хүүхдийн тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулах ажил сарын хугацаанд үргэлжилсэн байна.