Дорнод аймагт Ангиографийн тусламж үйлчилгээ үзүүлдэг боллоо

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон холбогдох мэргэжилтнүүд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна.

Дорнод аймаг 84500 хүн амтай. Аймгийн нийт хүн амын 50 мянга орчим буюу 60-аад хувь нь аймгийн төвдөө оршин суудаг, төвлөрөл ихтэй. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шууд хандан үйлчилгээ авах үйлчлүүлэгчдийн тоо өдөрт 800-900 болж, тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлдэг байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар амбулаториор 87608, хэвтүүлэн эмчлэх 6359, түргэн тусламжийн дуудлагаар 3322, мэс заслын хагалгаа 1532, төрөх тойрны тусламж 681 тохиолдлыг тус тус үзүүлжээ.

Мөн Ангиографийн тусламж үйлчилгээгээр зүрхний титэм судсан дотуурх оношилгоо 22 иргэнд, зүрхний судсан дотуурх эмчилгээ /стент/ 8 иргэнд, бөөрний судасны ангиографийн оношилгоо 4 иргэнд, дээд хөндий венд гуурс байрлуулах ажилбар нэг тохиолдол болон мэс заслын тусламжид хүзүү, нурууны хугарал хадах, булчингийн дутмагшлыг эргүүлэн нөхөх, өрцний ивэрхий нөхөх, умайг дайваргүй авах, ходоод тайрах гэх мэт мэс ажилбаруудыг амжилттай хийжээ. Цаашид тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэхээр эмч мэргэжилтнүүдээ Улаанбаатарт болон ажлын байранд нь дадлагажуулан сургаж байна.

 

Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог тавдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж байна. 0-17 насны 22076 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас эрэгтэй 10886 (49.3%), эмэгтэй 11190 (50.7%) эзэлж, 430 (1.9%) нь эрхтэн системийн эмгэгтэй байв.

Мөн 18-30 насны иргэдийн үзлэгт 813 иргэн хамрагдсанаас 127 (15.6%) өвчлөл илэрчээ.

Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий Gan Gas брэндийн Capo 20 загварын Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад орсон. Тус үйлдвэр 1 цагт 20 куб метр, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтай. Одоогоор 60 баллон цэнэглэж, сүүлийн 14 хоногт Халдвартын тасагт эмчлүүлж буй хүчилтөрөгчийн дутагдалд орсон иргэнд “Хүчилтөрөгчийн ханын систем”-ээр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэж байна.