УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2022.08.29) Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тэрбээр, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр дээрх хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж буй аж.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2022.08.29) хуралдаан 18 цаг 25 минутад  Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөсөн.
Энэхүү өөрчлөлтийн дагуу шинээр яам байгуулагдахгүй ба дор дурдсан бүтэцтэй байхаар төсөлд тусгажээ. Үүнд:
Ерөнхий чиг үүргийн:
1. Эдийн засаг, хөгжлийн яам;
2. Гадаад харилцааны яам;
3. Сангийн яам;
4. Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн:
5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
6. Батлан хамгаалах яам;
7. Барилга, хот байгуулалтын яам;
8. Боловсрол, шинжлэх ухааны яам;
9. Зам, тээврийн хөгжлийн яам;
10. Соёлын яам;
11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14. Цахим хөгжил, харилцаа холбооны яам;
15. Эрчим хүчний яам;
16. Эрүүл мэндийн яам.
Дээрх яамдыг тэргүүлэх 16 сайдаас гадна:
17. Монгол Улсын Шадар сайд;
18. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
19. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
20. Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга;
21. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга гэсэн 5 сайд байх аж.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй болохоор байна.